Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авлаа
Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүрээнд "UNMISS" багийн бүрэлдэхүүн орон нутгийн 1400 гаруй иргэнийг болзошгүй халдлагаас хамгаалж, яаралтай тусламж үзүүлсэн тухай мэдээлэл 2026 оны 3-р сарын 3-ны өдөр цацагдлаа. Тус улсын Абиемном мужид үүсээд буй зэвсэгт мөргөлдөөн, тогтворгүй байдлын улмаас энгийн иргэд олноороо дүрвэж, цэргийн баазад хоргодох болсон байна.
Абиемном мужид нөхцөл байдал хурцдаж эхэлсэнтэй холбогдуулан 2026 оны 2-р сарын 14-ний өдрөөс эхлэн 1000 орчим иргэн энхийг сахиулагчдын баазад ирж аюулгүй байдлаа хангуулжээ. Үүний дараа буюу 2-р сарын 27-ны өдөр дахин 400 гаруй хүн нэмж ирсэн байна. Эдгээр дүрвэгсдийн дийлэнх хувийг өндөр настан, эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд цэргийн алба хаагчид нийтдээ 1400 гаруй иргэнийг бүрэн хамгаалалтад аваад байгаа аж.
Дүрвэгсдийг хүлээн авах үеэр төрөх хугацаа нь болсон, идэвхтэй өвдөлттэй жирэмсэн эмэгтэй ирсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Гэсэн хэдий ч баазын эмнэлгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, эх хүүхдийн амь насыг аварсан байна. Тодруулбал, тус баазын эмч, ахлах дэслэгч Ц.Цэрэнлхам болон сувилагч, дэд ахлагч Д.Ууганбаяр нар яаралтай тусламж үзүүлж, эхийг эсэн мэнд амаржуулжээ. Шинэ төрсөн нярай болон эхийн биеийн байдал тогтвортой, сайн байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
Олноороо цугларсан иргэдэд зориулан цэргийн алба хаагчид яаралтай тусламжийн цэг болон эмнэлгийн түр майхан байгуулж, шаардлагатай дэд бүтцийг богино хугацаанд бүрдүүлжээ. Эмнэлгийн баг шархадсан иргэдэд анхан шатны тусламж үзүүлэхээс гадна халдварт өвчин тархахаас сэргийлж эрүүл мэндийн үзлэг хийсэн байна. Тусгаарлах шаардлагатай иргэдийг тусгай бүсэд байрлуулж, олон хүн цугларсан орчинд эрүүл ахуйн дэглэмийг сахиулахад онцгой анхаарч ажиллажээ.
Абиемном болон Жонглей мужид омог хоорондын мөргөлдөөн, зэвсэгт бүлэглэлүүдийн халдлага нэмэгдэж байгааг НҮБ-ын зүгээс өмнө нь анхааруулж байсан юм. Энэхүү хүнд хэцүү цаг үед энхийг сахиулагчид "хамгаалалтын бүс" үүсгэж, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн нь олон мянган хүний амь насыг аврахад чухал нөлөө үзүүлсэн үйл явдал боллоо гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.

Эх сурвалж:
• gogo.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.