Ираны Дээд удирдагч Али Хаменеи АНУ болон Израилийн цэргийн цохилтод өртөн амиа алдлаа
Ираны төрийн мэдээллийн агентлагууд 2026 оны 3-р сарын 1-ний ням гаргийн өглөө Дээд удирдагч Аятолла Али Хаменеи амиа алдсаныг албан ёсоор баталлаа.
Тэрээр 2-р сарын 28-ны бямба гарагийн үүрээр АНУ болон Израилийн хамтарсан цэргийн тусгай ажиллагааны үеэр Тегеран дахь өндөр хамгаалалттай байрандаа агаарын цохилтод өртсөн байна.
Энэхүү агаарын цохилт нь Ираны удирдлагын цөм болон цэргийн чухал дэд бүтцийг онилсон бөгөөд Хаменеигаас гадна Батлан хамгаалахын сайд Амир Насирзаде, Исламын хувьсгалт гвардын командлагч Мохаммед Пакпур, ахлах зөвлөх Али Шамхани зэрэг өндөр албан тушаалтнууд амь үрэгджээ. Түүнчлэн Хаменеигийн охин, ач зээ, хүргэн, бэр зэрэг гэр бүлийн гишүүд нь уг цохилтод өртсөн болохыг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Холбоотнууд тагнуулын өндөр нарийвчлалтай систем ашиглан түүний байршлыг тогтоож, дээд зөвлөхүүдтэйгээ уулзалт хийж байх үед нь гэнэтийн дайралт хийжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү үйл явдлыг "шударга ёс тогтсон явдал" хэмээн тодорхойлж, Ираны цөмийн аюулыг зогсоох энх тайвны хүчин чармайлт гэж тайлбарлаад, Ираны ард түмнийг улс орноо эргүүлэн авахыг уриалав. Харин Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дарангуйлагчийн дэглэмийг унагах "үеийн боломж" гарч ирснийг онцолсон байна. Ираны зүгээс Дээд удирдагчийн үхлийг баталж, улс даяар 40 хоногийн гашуудал зарласан ч Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл үүнийг "дарангуйлагчдын эсрэг агуу бослогын эхлэл" болно гэж мэдэгджээ.
Үйл явдлын дараа Тегеран, Караж, Исфахан хотуудад иргэд баяр тэмдэглэж байгаа дүр зураг ажиглагдсан бол Лос-Анжелес дахь Иран гаралтай иргэд мөн баяраа хуваалцжээ. Гэсэн хэдий ч Иран улс хариу арга хэмжээ авч, Израиль болон АНУ-ын баазууд байрладаг Персийн булангийн орнууд руу пуужин, нисгэгчгүй онгоцоор довтолсон байна. Үүний улмаас Тель-Авив орчимд болон Абу Дабигийн Зайед олон улсын нисэх буудалд тус бүр нэг хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгэгдэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдлаа.
Цөллөгт байгаа угсаа залгамжлах хунтайж Реза Пахлави энэхүү мэдээг талархан хүлээн авч, Исламын Бүгд Найрамдах Улс түүхийн тавцнаас арчигдаж байна хэмээн мэдэгдэв. Олон улсын ажиглагчид энэхүү үйл явдал нь Ойрхи Дорнодын геополитикийн нөхцөл байдлыг эрс өөрчилж, бүс нутагт томоохон өөрчлөлт авчирна гэж таамаглаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.