Э.Бат-Амгалан сайдын “ОПТУ” ХХК нь ямар барилгууд барьдаг вэ?
УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим орчинд шүүмжлэл дагуулж байна.
Түүний ХОМ-т багтсан “ОПТУ” хэмээх барилгын компанийн талаар ч мэдээлэл дэлгэгдсэн. Өчигдөр тэрбээр энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултад, Энэ компани надад хамааралгүй. Харин захирлыг нь танина. 2000 онд надтай хамт Германд сургуульд сурч байсан залуу. Тэр компани нь манай Баянзүрх дүүрэгт барилгын төсөл хэрэгжүүлдэг. Улсын бүртгэл дээр надтай холбоотой зүйл гарч ирэхгүй хэмээн тайлбарласан.
Гэвч түүний ХОМ дээр одоо ч “ОПТУ” гэж компани байгаа нь төрийн мэдээллийн Opendata.mn вэбсайтаас ил болсон.

“ОПТУ” ХХК юу хийдэг вэ?
Сайнаасаа саар нь илүү дуулиан дагуулсан энэ компани Гачуурт, Улаанхуаран, Скай ресорт, Туулын голын эрэг дагуу хэд хэдэн барилга барьсан аж. Тэдгээрийн нэг нь Улаанхуаранд баригдсан “Kaidu mall” худалдаа үйлчилгээний төвөөс урагш “Kайду сити” хотхон төсөл аж. Мөн Скай ресорт баазын зүүн талд “Кайду Вилла” хаус хотхоныг ч мөн барьж байгаа гэнэ.
Сайд Э.Бат-Амгалан “Кайду сити” төслөө “Өгөөмөр” групп компанитай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд төслийг нь гардан хариуцаж, гүйцэтгэж буй хүн нь “Өгөөмөр” групп компанийн эзэн Б.Хайдавмөнх юм.
АН-ын гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчид хүртэл хүч үзэж, Сэлэнгэ аймагт УИХ-ын сонгуульд ч өрсөлдөж явсан Б.Хайдавмөнх Японд сумо барилдаж байсан гэнэ. Түүний сумогийн нэр нь Кайду аж
Яаж яваад МАН, АН-ын хоёр гишүүн дөрөө хоршуулан барилгын салбарт гар нийлэх болов. Энэ түүх нөгөө л Эрдэнэтийн зэсийн овоолго, үүнийг хамтран эзэмшигчидтэй яах аргагүй холбогдоно.
Сайд Э.Бат-Амгалан төрсөн дүү Э.Батбаярын эзэмшлийн “Бльюмон металс” ХК-иараа Эрдэнэтийн овоолгыг захиран зарцуулдаг “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 70 хувийг эзэмшдэг. Энэ нь дотроо 3 компани хувь эзэмшдэг. Нэг компани нь Э.Батбаярынх бол нөгөө компани нь Цэвэгжавын Сумъяабазар гэх Норовын Алтанхуягийн ахынх нь хүүхдийн компани юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.