🔴Н.Энхбаяр: Нийслэлийн намын хорооны боловсон хүчний томилгоог МАН-ын дарга Н.Учрал өөрөө шийднэ
МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаан 10.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар тус намын 105 жилийн ойн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал болон намын Генсек Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нар илтгэл тавихаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улаанбаатар хотын тулгамдсан асуудлууд болон Нийслэлийн МАН-ын хорооны боловсон хүчний томилгооны талаар байр сууриа илэрхийллээ.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:
-Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн асуудал нь зөвхөн өнөөдөр үүсчихсэн зүйл биш, олон жилийн турш шийдлээ хүлээсээр байгаа. Энэхүү асуудал нь намын ажил гэхээс илүүтэй нийслэлийн удирдлагуудын үйл ажиллагаатай шууд холбоотой. Ялангуяа манай улс нүүрс олборлогч орон атлаа түүхий нүүрсээ гадагш гаргаж, эргүүлээд боловсруулсан нүүрс импортолж байгаа нь харамсалтай үзэгдэл. Цаашид нүүрсээ дотооддоо боловсруулж, утаагүй түлш үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай болох шаардлагатай.
Нийслэлийн намын хорооны даргын албан тушаал нь стратегийн чухал ач холбогдолтой. Намын дарга Н.Учрал залуу, эрч хүчтэй хүний хувьд боловсон хүчний бодлогоо бие дааж тодорхойлж, багаа бүрдүүлэх нь зүйн хэрэг гэв.
Зарим салбарын сайд нарт хариуцлага тооцох, албан тушаалаас нь чөлөөлөх асуудлын тухайд тэрээр ёс зүйн шалтгаанаар хариулт өгөхөөс татгалзлаа. Түүний хүү одоогийн Засгийн газарт ажиллаж байгаа тул хамт ажиллагсдынх нь талаар аливаа шүүмжлэл, дүгнэлт хэлэх нь зохимжгүй гэж үзэж байгаагаа тайлбарлав.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.