Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гаргажээ
“ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын дундаас шалгаж эхлэн, улмаар яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаанд цагдан хорьсон билээ. Түүнийг цагдан хорьсон хугацаа дуусаж буйтай холбоотойгоор прокурор нь таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн аж. Шүүгч уг саналыг нь хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авч дахин 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Үүнийг нь Н.Тавинбэхийн өмгөөлөгч Х.Базаррагчаа эсэргүүцэн тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиунд гомдол гаргасан бөгөөд өнөөдөр гомдлыг хэлэлцсэн байна. Улмаар Н.Тавинбэхийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлажээ.
Түүнийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Монгол Улсын болон БНСУ-ын Засгийн газар хоорондын “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг БНСУ-ын “Эксим банк”-ны 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн 148.7 сая ам.долларын хөрөнгөөр барих гэрээг 2019 онд байгуулсан юм. Улмаар ЭХЯ-наас 2019 онд дээрх төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас хоёр, Монголоос нэг аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулж, есөн сая гаруй ам.долларын гэрээ хийсэн байна. Үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, хугацаа дууссан байхад тухайн үед ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалаа урвуулж зөвлөх үйлчилгээний гэрээний хугацааг сунгаад тогтохгүй, төсвийг нь үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмж, Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад түүний зөвлөх нь асан, өдгөө Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч гэх албан тушаал хашдаг П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон билээ.
Уг компани нь зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.1 сая ам.доллар буюу долоон тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт гаргуулан авсан ч юу ч хийгээгүй нь батлагдсан гэх мэдээлэл бий.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.