“Шижир алт” ХХК-ийн захирал асан О.Баттөмөрийг цагаатгасныг хүчингүй болгов
Хуучнаар “Монголросцветмет”-ийн харьяанд үйл ажиллагаа явуулж байсан “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан О.Баттөмөрт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд уг хэргийг хэлэлцээд О.Баттөмөрийг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзэн прокурор З.Хүслэн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм.
Шүүх хуралд өмнө нь өмгөөлөгч Ж.Оюунболд оролцож байсан бол энэ удаа нэмж, УИХ-ын гишүүн асан, өмгөөлөгч О.Баасанхүүг шүүгдэгч нэмж авсан байв. Хурлын эхэнд О.Баасанхүү өмгөөлөгч нарт зориулсан өмсгөл (нөмрөг)-гүй байсан учраас шүүх бүрэлдэхүүн түүнд сануулга өгсөн юм.
О.Баттөмөрийг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2019 оноос хойш шалгасан бөгөөд өмнө нь шүүх нэг удаа цагаатгаж байв. Түүнийг эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй компани болон тээврийн хэрэгслийг хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бүртгүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж буруутгасан билээ.
Нийслэлийн прокурорын газраас О.Баттөмөрт Эрүүгийн хуулийн 22.10-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс О.Баттөмөрийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдоогүй гэж дүгнэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр дахь удаагаа цагаатгах тогтоол гаргасныг прокурор эсэргүүцсэн аж.
Шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.