Гал морин жилд газар нутагтаа дэмжлэг татах боломж-COP17
Гал морин жилд эх оронд минь зохион байгуулагдах хамгийн том арга хэмжээ бол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 юм.
Монгол Улс өмнө нь олон улсын ийм том арга хэмжээ нутаг дээрээ зохион байгуулсан удаагүй. Төр засаг бүхий л түвшинд энэ хуралд бэлтгэж, 2026 он гарсаар үйл ажиллагаагаа улам бүр эрчимжүүлж байна. Арга ч үгүй дээ, 197 орны 10 мянга шахам төлөөлөгч оролцох энэ хурал ердөө 170 орчим хоногийн дараа эхэлнэ.
COP бол зохион байгуулагч орон нь өөрчлөгддөг ч НҮБ-ын стандартын дагуу явагддаг хурал. Энэ ч утгаараа НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ясмин Фуад энэ сарын эхээр манай улсад ажилласан. Тэрбээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай албан уулзалт хийж, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хүүхэд, залуучуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Бидний бас НҮБ-ынхны, бүр цаашилбал конвенцод нэгдсэн 197 улсын ч хүсэл зорилго нэг. Хурлаа амжилттай зохион байгуулж, тодорхой шийдэл, үр дүнд хүрэх л юм.
Манай байгаль орчны салбарынхан, эрдэмтэд, хувийн хэвшлийнхэн гээд олон хүн COP17-г том боломж гэж харж байгаа. Байгаль орчинд суурилсан шийдэл болон тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний Ногоон Лаб” платформын нээлт энэ сард болсон. Хэрэгжих бүрэн боломжтой, бодит үр дүнд хүрэх, цаашид цар хүрээгээ тэлэх чадавхтай ногоон төслүүдийг бойжуулах, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад нь бэлтгэх зорилготой платформ л доо. Төслүүдийг сонгон шалгаруулж, техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбохоос гадна шалгарсан төслүүдийг СОР17 хурлын үеэр олон улсын хөрөнгө оруулагчдад тусгайлан танилцуулахаар төлөвлөж байна.
Ногоон санхүүжилт гэж нэрлэгддэг байгаль орчинд ээлтэй бүхнээр хөрөнгө татаж болох эдийн засаг бий болсон.
Утаанд “дарлагдсан” агаараа цэвэршүүлээд, доройтсон бэлчээрээ сэргээгээд, хүлэмжийн хийгээ бууруулаад, нарны цахилгаан станцаар эрчим хүчээ шийдээд л санхүүжилт авч болно гэсэн үг.

Бидэнд байгаль эхээ сэргээх, үр хүүхдэдээ онгон дагшин газар нутгаа хадгалж үлдээх асар том эрмэлзэл бий. Гол горхи, булаг шанд ширгэж, бэлчээр талхлагдаж, нийт нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөөд байна. Үүнтэй тэмцэх, байгаль орчноо “аврах” том боломж COP17-ын үеэр үүснэ.
Байгаль орчны доройтолд бусад улсаас хамаагүй илүү хувиар нэрвэгдэж буй манай улсыг хурал зохион байгуулагчаар зүгээр ч нэг “сонгоогүй”.
Хэл, боловсрол, арьсны өнгө, амьдрах орчин гээд бүх зүйл ялгаатай ч дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа бэрхшээл нь адилхан. Тэр нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол. Тийм ч учраас нийтээрээ тэмцье ээ гээд гурван чиглэлээр COP хэмээх хурлыг хийж ирсний нэг нь энэ удаад манайд зохиож буй цөлжилтийн асуудлаарх хурал юм.
Эх орондоо үүсээд байгаа нөхцөл байдлыг ил тод ярьж, шийдлээ танилцуулж байж л бид үр дүнд хүрнэ. Гайхалтай сайхан байгальд минь нүүрлэж буй гамшгийг харуулж, түүнийг сэргээх боломжийг дэлхий даяараа ярилцана. Мэдээж ижил асуудал тулгарсан олон улсын шийдлүүд ч энд хамт яригдана.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар манай улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж, төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн. Бодлогын санаачилгаа танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьж байгаа.
Хөрөнгө оруулагчид нь өөрсдөө хүрч ирээд нүдээр танилцах, улс гүрний удирдагчид шийдлээ ярилцах энэ хурлыг зохион байгуулж буй боломжоо ашиглаад бүхий л шатанд эрвийх дэрвийхээрээ ажиллаж, жинхэнэ ёсоор манлайллаа үзүүлж, байгаль ээжийнхээ сэргэлтэд хувь нэмрээ оруулмаар байна.
Эх байгалиа сэргээж
Итгэл найдвараа бадраая
Энэ бол COP 17-ын уриа үг.
Оршин байх байгаль орчноо сэргээх нь бидний хамгийн том зорилт.
COP17 НҮБ-ын стандартын дагуу нээлттэй явагдана. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эсвэл зүгээр ажиглах боломж хүн бүрд нээлттэй.
Байгалиасаа бид авсаар ирсэн. Харин одоо “өгөх” цаг нь иржээ. Хайрлаж, хамгаалж байж л байгаль эх минь сэргэнэ. Дэлхийн бусад орны дэмжлэгтэйгээр хөрөнгө оруулж, хайрлаж, хамгаалах боломж COP17-ын үр дүнд үүснэ. Алдаж болохгүй боломжийг хичээн ашиглаж, эх байгалиа сэргээе.
Эх сурвалж: Hemnel.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.