"iPad хүүхэд"-ийн эрин үе дуусч, дэлгэцгүй хүмүүжил дэлхий даяар трэнд болж байна
Pinterest платформ 2026 оны 2-р сарын 24-ний өдөр анх удаа "Эцэг эхийн чиг хандлагын тайлан"-гаа танилцуулж, орчин үеийн гэр бүлүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилд гарч буй томоохон өөрчлөлтийг зарлалаа.
Тус тайланд дурдсанаар дэлхий даяар эцэг эхчүүд "iPad хүүхэд" буюу цахим хэрэгслээс хамааралтай үеэс эрс татгалзаж, бодит мэдрэмж, туршлагад суурилсан "дэлгэцийн ухаалаг хэрэглээ"-г чухалчлах болсон байна. Pinterest-ийн дэлхийн чиг хандлагын тэргүүлэх мэргэжилтэн Сидней Стэнбэкийн онцолсноор гэр бүлүүд ганцаарчилсан дэлгэцийн цагаас илүүтэй аналог тоглоом, байгальд суурилсан сургалтыг илүүд үзэх болжээ.
Тайлангийн хамгийн анхаарал татсан хэсэг нь эцэг эхчүүд дижитал энтертайнментаас татгалзаж, хүүхдийнхээ мэдрэхүйг хөгжүүлэх гар урлал, бүтээлч ажлууд руу хошуурч байгаа явдал юм. Статистик мэдээллээс харахад "мэдрэхүйн тоглоомын санаанууд" (sensory play ideas) гэсэн хайлт 1,070 хувиар, "хүүхдийн тоглоомын талбайг өөрөө хийх" хайлт 630 хувиар тус тус огцом өссөн байна. Энэ нь эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролыг уламжлалт танхимын сургалтаас гадуур, байгальд болон бодит орчинд дэмжихийг эрмэлзэж буйн тод илрэл бөгөөд "гадаа суралцах" хайлт ч мөн 65 хувиар нэмэгджээ.
Миллениал болон Gen X үеийн эцэг эхчүүд өөрсдийн бага насны дурсамжийг хүүхдүүддээ мэдрүүлэхийг хүсч, 90-ээд оны хэв маягийг эргэн сэргээж байна. "90-ээд оны хуучны хүүхдийн хувцас" гэсэн хайлт 600 хувиар өссөн бол хүүхдийг хэт шахалгүй, өөрийнх нь хэмнэлээр өсгөх "удаан ээж" (slow motherhood) философийн хайлт 310 хувиар нэмэгджээ. Энэхүү хандлага нь тоо хэмжээнээс илүү чанарыг эрхэмлэж, хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарсан, сэтгэл судлалд суурилсан эерэг хүмүүжлийн арга барилыг илтгэж байгаа юм.
Гэр бүлийн аялал жуулчлалын чиг хандлага ч мөн өөрчлөгдөж, тансаг зэрэглэлийн амралтаас илүүтэй дурсамж бүтээх адал явдлуудыг илүүд үзэх болжээ. Эцэг эхчүүд замд гарах, кемпинг хийх, галт тэргээр аялах зэрэг зардал багатай ч туршлагаар баялаг хувилбаруудыг хайж байна. Ялангуяа "утасгүй зун" гэсэн хайлт 340 хувиар өссөн нь гэр бүлээрээ цахим ертөнцөөс хөндийрч, бие биетэйгээ амьд харилцаа үүсгэхийг нэн тэргүүнд тавьж байгааг харуулж байна.
Эмнэлзүйн сэтгэл зүйч, доктор Брайан Раззиногийн үзэж буйгаар эдгээр тоон үзүүлэлтүүд нь эцэг эхчүүд зөвхөн дэлгэцийн цагийг хязгаарлаад зогсохгүй, хүүхдийнхээ өсч торних орчныг илүү ухаалаг, тэсвэр хатуужилтай болгохоор идэвхтэй өөрчилж байгааг нотолж байна. Ирэх жилүүдэд технологийн хэт хэрэглээнээс татгалзсан, байгальд ойр, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн амьдралын хэв маяг улам бүр хүчээ авч, хүүхдийн хүмүүжлийн үндсэн чиг шугам болох төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.