Үндэсний их баяр наадмыг Д.Баярбаатар найруулна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг эцэслэн томилох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Өнөөдрийн /2026.02.16/ хуралдаанаар Үндэсний их баяр наадам болон Дэлхийн адууны өдөрлөг арга хэмжээний уялдааг хангах хүрээнд зарим салбар хороодын чиг үүргийг өргөтгөн, нэмэлт ажлыг хариуцах шийдвэр гаргах асуудлыг мөн хэлэлцэв.
Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан хоёр найруулагч болох “Скин эвент менежмент” ХХК-ийн найруулагч Б.Анар, “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар нар өөрсдийн багийн бүрэлдэхүүн, ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа нууц санал хураалт явууллаа.
Хуралдаанд салбар хороодын 19 гишүүн оролцсон бөгөөд нийт төлөөлөгчдийн 84.2 хувийн саналаар “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар сонгогдлоо.
Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмын найруулагчаар шалгарсан багт төлөвлөгөө, үйл ажиллагаагаа эцэслэн сайжруулах, салбар хороод төсвийн зардлыг бууруулах боломжийг судалж танилцуулах, мөн “Дэлхийн адууны өдөр”-ийн зохион байгуулалтын ажлын хэсгийн хурлаар холбогдох асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхийг үүрэг болголоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.