🔴Боомтын сайд асан Б.Тулга: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шүүхэд өгнө

AI хөрвүүлсэн

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.02.11/ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийсэн юм. Энэ үеэрээ Улсын хилээс 900 метрээс 2.5 км-ийн нутаг дэвсгэрт 34227.8 га талбайг олгосон байна. Энэ бол улсын хилийн газарт хамаарах газар бөгөөд Засгийн газрын шийдвэрээр олгосон байна.

2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Боомтын сэргэлтийн хороо 8 тоот тогтоол гаргасан бөгөөд энэ тогтоолоор Боомтын хөгжлийн корпорац ТӨХХК байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулахыг тухайн үед сайдаар ажиллаж байсан Б.Тулга өөрөө өөртөө даалгасан байна. Ингээд Боомтын хөгжлийн корпорац гэдэг компанийн нэр дээр Монгол Улсын хилийн бүсэд 10 байршилд 34 мянган га газрыг ашиглуулах зөвшөөрөл, шийдвэрийг гаргасан" хэмээсэн юм.

Түүний хийсэн энэ мэдээллийн хариуд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан Б.Тулга дараах мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан Б.Тулга:

-Боомтын сэргэлтийн үндэсний хороо нь таван агентлагийн дарга, Шадар сайд, Ерөнхий сайдын зөвлөхүүд болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажилладаг. УИХ-аас баталсан боомтын бодлогыг хэрэгжүүлэхдээ тус хороо асуудлыг олонхоороо хэлэлцэж, дэмжигдсэн саналыг Засгийн газарт танилцуулан батлуулдаг зарчмаар ажиллаж ирсэн. 

Өмнө нь Байгаль орчны яам, орон нутгийн засаг захиргаа, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг олон байгууллага нэгдсэн төлөвлөлтгүйгээр газар олгодог байсан нь замын түгжрэл үүсэх, газрын зориулалт өөрчлөх зэрэг сөрөг үр дагавруудыг дагуулж байсан. Иймд ерөнхий төлөвлөлтийг баталж, түүний дагуу үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх нь эдийн засгийн өсөлтийг хангахад амин чухал шийдвэр.

Сүүлийн жилүүдэд боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засаг тэлж, валютын урсгал мэдэгдэхүйц нэмэгдсэн. Хэрэв Засгийн газар энэхүү шийдвэрийг хүчингүй болгож байгаа бол энэ нь эдийн засгийн өсөлтийг зогсоож буй хэрэг бөгөөд уг асуудлыг УИХ-ын түвшинд дахин авч хэлэлцэх ёстой. Мөн уг шийдвэрийг "хууль бус" эсвэл "нууцаар хийсэн" гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бүх яамдаас санал авч, хууль тогтоомжийн дагуу хамтын шийдвэрээр баталсан.

Боомтын хөгжлийн корпорацын тухайд, энэ нь төрийн өмчийн 100 хувийн оролцоотой компани бөгөөд боомтын бүс дэх 34 мянган га газрыг эзэмшиж, ерөнхий төлөвлөлтийн дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх зорилготой. Өнөөдрийн байдлаар уг газраас нэг ч га-г хувийн хэвшилд шилжүүлээгүй бөгөөд зөвхөн төлөвлөлтийн дагуу дэд бүтэц, үйлчилгээний бүсүүдийг байгуулахаар ажиллаж байна. Боомт дээр хувийн хэвшил үйл ажиллагаа явуулах нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд дэлхийн жишигт боомтууд хилдээ тулж хөгждөг гэв. 

Түүнчлэн, Хууль зүйн сайдын зүгээс хийсэн мэдэгдлийг хариуцлагагүй үйлдэл хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэв. Боомтын сэргэлтийн бодлого нь аль нэг хувь хүний бус, Монгол Улсын Засгийн газрын залгамж халаатай, нэгдсэн бодлого байх ёстой. Одоогийн байдлаар Эдийн засгийн хөгжлийн яаман дээр дөрвөн боомтын ерөнхий төлөвлөлт бэлэн болоод байгаа бөгөөд Шивээхүрэн боомтын төлөвлөлт Засгийн газраар батлагдахад бэлэн болсон гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.