Какаоны ханш 70 хувиар унасан ч шоколадны үнэ буурахгүй байна
Дэлхийн түүхий эдийн зах зээлд какаоны үнэ түүхэн дээд хэмжээнээсээ огцом унаж, тогтворжих хандлагатай болсон ч жижиглэнгийн худалдааны шоколадны үнэ өндөр хэвээр байна.
2026 оны хоёрдугаар сарын дунд үеийн байдлаар какаоны фьючерс үнэ нэг тонн нь 3,400-3,700 ам.доллар болж буурсан нь 2024 оны сүүлээр тогтоосон 13,000 ам.долларын дээд үзүүлэлтээс даруй 70 орчим хувиар доошилсон дүн юм. Гэвч Валентин болон Улаан өндөгний баярын өмнөхөн хэрэглэгчид энэхүү хямдралыг дэлгүүрийн лангуун дээрээс мэдрэхгүй байна.
Энэхүү түүхий эдийн үнийн уналтад Баруун Африкийн гол нийлүүлэгч орнууд болох Кот-д'Ивуар, Гана улсад цаг агаарын нөхцөл байдал сайжирч, ургац хураалт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн Эквадор зэрэг бусад бүс нутгийн нийлүүлэлт өсөж, 2026-2027 оны ургацын жилд дэлхийн хэмжээнд какаоны илүүдэл үүсэх төлөв ажиглагдаж байгаа нь зах зээлийг тайвшрахад хүргэсэн байна. Гэвч түүхий эдийн үнэ буурсан ч бэлэн бүтээгдэхүүний үнэ дагаж буурахгүй байгаа нь үйлдвэрлэлийн циклийн онцлогтой шууд холбоотой юм.
Hershey, Mars, Lindt зэрэг томоохон үйлдвэрлэгчид түүхий эдээ 6-12 сарын өмнө урьдчилан гэрээлж авдаг тул одоо худалдаалагдаж буй бүтээгдэхүүнийг өнгөрсөн жилийн өндөр үнэтэй какаогоор үйлдвэрлэсэн байдаг. Үүнийг эдийн засагт "нөөцийн хоцрогдол" гэж нэрлэдэг бөгөөд хямд түүхий эд үйлдвэрлэлийн дамжлагад орж, эцсийн бүтээгдэхүүн болж гарах хүртэл тодорхой хугацаа шаардагддаг байна. Тиймээс одоогийн хямд какао нь ирээдүйн үйлдвэрлэлд ашиглагдах нөөц болж хадгалагдаж байгаа аж.
Үүнээс гадна инфляцын нөлөөгөөр элсэн чихэр, сүүний үнэ, ажиллах хүч, тээвэрлэлт болон сав баглаа боодлын зардал өссөн нь эцсийн бүтээгдэхүүний өртөгт шингэж байна. Мөн зарим үйлдвэрлэгчид үнээ нэмэхийн оронд бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгах буюу "shrinkflation" аргыг хэрэглэж эхэлжээ. Тухайлбал, Lindt брэндийн зарим бүтээгдэхүүний савлагаа 6 унцаас 5.1 унц болж багассан ч үнэ нь хэвээр үлдсэн буюу өссөн тохиолдол бүртгэгдсэн нь хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлж байна.
Шинжээчдийн таамаглаж буйгаар шоколадны жижиглэнгийн үнэ 2026 оны сүүл буюу Halloween-ий баярын үеэр л мэдэгдэхүйц буурах төлөвтэй байна. Үйлдвэрлэгчид хямд өртөгтэй какаоны шинэ нөөцөө ашиглаж эхлэх хүртэл хэрэглэгчид өндөр үнийг тэвчих шаардлагатай болох бөгөөд АНУ, Европын Холбооноос тогтоосон импортын тарифийн бодлого ч үүнд нөлөөлөх магадлалтай юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.