Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин Ким Жу Аэгийн улс төрийн статус эрс өөрчлөгджээ
Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албанаас Парламентын тагнуулын хороонд хийсэн хаалттай мэдээлэлд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин Ким Жу Аэгийн улс төрийн статус эрс өөрчлөгдсөнийг онцоллоо. Тагнуулын байгууллагын шинэчилсэн дүгнэлтээр түүнийг зүгээр нэг "хамгийн магадлалтай нэр дэвшигч" бус, харин "албан ёсоор залгамжлагчаар томилогдох шатанд" шилжсэн хэмээн тодорхойлсон нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна. Энэхүү үнэлгээ нь Пхеньяны зүгээс явуулж буй сүүлийн үеийн бодлого, протоколын өөрчлөлтүүд дээр үндэслэгджээ.
Ким Жу Аэгийн статус дээшилснийг батлах хэд хэдэн ноцтой шинж тэмдэг илэрсний нэг нь түүнийг "Хянгдо" буюу "Их удирдагч", "Зааварчлагч" хэмээх зөвхөн дээд удирдагчдад олгодог хүндэтгэлийн нэршлээр дуудах болсон явдал юм. Түүнчлэн тэрээр зөвхөн эцгээ дагалдан явах бэлгэ тэмдгийн үүрэг гүйцэтгэхээ больж, улс орны чухал бодлого, төлөвлөлтийн асуудалд санал зөвлөмж өгөх түвшинд хүрч, төрийн хэрэгт бодитоор оролцож эхэлснийг шинжээчид тэмдэглэж байна. Энэ нь түүнийг ирээдүйн удирдагчийн хувиар бэлтгэгдэж буйг илтгэх хамгийн тод дохио болж байна.
Түүний эрх мэдэл өсөн нэмэгдэж буй нь төрийн ёслолын арга хэмжээнүүд дээр ч тод харагдах боллоо. Тухайлбал, 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Кимийн гэр бүлийн бунхан болох Кумсусан Нарны ордонд зочлох үеэр тэрээр эцгийнхээ яг хажууд, төв хэсэгт байрласан нь протоколын хувьд "хоёр дахь эрх мэдэлтэн" гэж эрэмбэлэгдэх болсныг баталж байна. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард Бээжин хотод хийсэн айлчлалын үеэр Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзахад байлцсан нь түүнийг олон улсын тавцанд таниулах томоохон алхам болсон юм.
Залгамжлагчийн асуудал тодорхой болохын хэрээр Ким Жон Уны дүү Ким Ёо Жоны олны өмнөх үүрэг оролцоо харьцангуй хумигдаж байгааг ажиглагчид онцолжээ. Энэ нь Ким Жон Ун засгийн эрхэнд гарсны 15 жилийн ойтойгоо зэрэгцэн өвөг эцэг, эцгийнхээ сүүдрээс гарч, охинтойгоо хамт "Ким Жон Ун 2.0" буюу өөрийн бие даасан засаглалын шинэ эрин үеийг эхлүүлж буй хэрэг хэмээн Сөүлийн тагнуулын алба үзэж байна. Одоогийн байдлаар дэлхий нийтийн анхаарал энэ сарын сүүлээр болох Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын 9 дүгээр их хурал руу чиглэж байна. Тус хурлаар Ким Жу Аэд албан ёсны цол хэргэм олгох, эсвэл намын дүрэмд түүний нэрийг оруулах зэрэг шийдвэр гарч, залгамжлалын үйл явцыг хууль ёсны дагуу баталгаажуулж магадгүй юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.