Украины Ерөнхийлөгч дайны үед сонгууль явуулах боломжгүйг мэдэгдэв
Олон улсын хэвлэлүүдээр Украин улс ирэх тавдугаар сард ерөнхийлөгчийн сонгууль болон энхийн хэлэлцээрийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж болзошгүй гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тухайлбал, "Financial Times" сонин Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Оросын түрэмгийлэл эхэлсний дөрвөн жилийн ойгоор буюу хоёрдугаар сарын 24-нд сонгуулийн товыг зарлаж магадгүй хэмээн мэдээлсэн ч Украины төрийн тэргүүн үүнийг эрс үгүйсгэсэн мэдэгдэл хийгээд байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, АНУ-ын засаг захиргааны зүгээс Киевт шахалт үзүүлж, ирэх тавдугаар сарын 15-ны дотор сонгуулиа зохион байгуулахыг шаардаж байгаа аж. Хэрэв энэ хугацаанд амжихгүй бол Вашингтоны зүгээс санал болгож буй аюулгүй байдлын баталгааг цуцлах эрсдэлтэй гэх мэдээлэл байна. Гэвч Ерөнхийлөгч В.Зеленский хоёрдугаар сарын 24-ний өдрийг улс төр ярих бус, харин дайны хүнд өдөр хэмээн тодотгож, ийм үед сонгууль зарлах нь зохимжгүй үйлдэл болно гэдгийг онцолжээ.
Украины удирдлагын зүгээс сонгууль явуулахад бэлэн боловч үүний тулд нэн тэргүүнд гал зогсоож, аюулгүй байдал бүрэн хангагдсан байх ёстой гэсэн хатуу байр суурийг баримталж байна. Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украины хооронд энхийн хэлэлцээ өрнөж байгаа гэх мэдээлэл бий. Хэрэв хэлэлцээрийн үр дүнд газар нутгийн асуудлаар буулт хийх нөхцөл үүсвэл үүнийг заавал бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх шаардлагатайг Зеленский мэдэгджээ.
Хууль эрх зүйн болон техникийн хувьд ч тавдугаар сард санал хураалт явуулах нь бараг боломжгүй юм. Учир нь тус улсад үйлчилж буй цэргийн дэглэмийн хугацаа тавдугаар сарын 4-нд дуусах бөгөөд хуулиараа энэ үед сонгууль явуулахыг хориглодог. Сонгуулийн шинжээчид болон иргэний нийгмийн байгууллагуудын тооцооллоор цэргийн дэглэм цуцлагдсанаас хойш сурталчилгаа, бэлтгэл ажилд хамгийн багадаа зургаан сарын хугацаа шаардагдана. Мөн гадаадад дүрвэсэн сая сая иргэн болон фронтын шугамд тулалдаж буй цэргүүдийн саналыг хэрхэн авах асуудал шийдэгдээгүй хэвээр байна.
Одоогоор сонгуулийн тов албан ёсоор батлагдаагүй ч Өрнөдийн түншүүд дайныг ирэх зун гэхэд зогсоохын тулд Киевийг яаравчлуулах сонирхолтой байгаа нь ажиглагдаж байна. Ирэх өдрүүдэд, ялангуяа дайн эхэлсний ойн өдрөөр Украины төрийн тэргүүн ард түмэндээ хандаж юу хэлэхээс цаашдын улс төрийн нөхцөл байдал болон энхийн хэлэлцээний хувь заяа ихээхэн хамаарах төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.