Олимпын медальт биатлонч шууд эфирээр найз охиноо хуурснаа зарлаж дуулиан тарилаа
"Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадмын биатлоны эрэгтэйчүүдийн 20 км-ийн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн Норвегийн тамирчин Стурла Холм Лагрейд баярын мөчөө хувийн амьдралын дуулианаар солилоо. Тэрээр медалийн тавцан дээр зогсохдоо олон улсын хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр найз охиноо хуурсан гэдгээ гэнэт зарлаж, спортын ертөнцийг цочирдуулсан нь энэ удаагийн олимпын хамгийн хачирхалтай үйл явдлуудын нэг болж байна.
28 настай тамирчин тэмцээний дараа Норвегийн NRK телевизэд ярилцлага өгөхдөө сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс дуслуулан, гурван сарын өмнө амьдралынхаа хамгийн том алдааг гаргаж, хайртай бүсгүйгээ хуурсан тухайгаа олон нийтэд дэлгэсэн юм. Лагрейд энэхүү үйлдлээ "нийгмийн амиа хорлолт" хэмээн тодорхойлж, өөрийгөө золиослон байж найз охиндоо хэр их хайртайгаа батлахыг зорьсон гэж тайлбарласан ч энэ нь олон нийтээс хүчтэй шүүмжлэл дагуулсан байна.
Түүний энэхүү гэнэтийн мэдэгдэл нь тус уралдаанд алтан медаль хүртсэн багийн анд Йохан-Олав Ботны амжилтыг бүдгэрүүлсэнд олон хүн дургүйцлээ илэрхийлжээ. Ботн уг медалиа таалал төгссөн багийн анд Сиверт Гутторм Баккенд зориулсан байсан ч хэвлэл мэдээллийн бүх анхаарал Лагрейдын хувийн амьдрал руу чиглэсэн байна. Иймд Лагрейд багийн анд болон спортын хамт олноосоо албан ёсоор уучлал гуйж, тухайн үед сэтгэл санааны хувьд тогтворгүй, эрүүл саруул сэтгэж чадахгүй байснаа хүлээн зөвшөөрчээ.
Түүнчлэн тамирчин залуу өөрийн нэрээ нууцлахыг хүссэн найз охиноо олон улсын хэвлэлийн бай болоход хүргэсэндээ гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Норвегийн "VG" сонинд өгсөн ярилцлагадаа түүний найз охин дэлхий нийтийн өмнө хайраа илчилсэн ч хууралтыг уучлахад хэцүү байгааг дурдаад, өөрийн хүсээгүй нөхцөл байдалд орсондоо сэтгэл зүйн хувьд хүнд байгаагаа мэдэгджээ.
Одоогоор Стурла Холм Лагрейд энэ сэдвээр дахин тайлбар хийхгүй гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд ирэх 2-р сарын 20-нд болох масс гарааны уралдаандаа бүх анхаарлаа хандуулахаар шийдвэрлэсэн байна. Олимпын наадмын түүхэнд тамирчид улс төрийн үзэл бодол эсвэл нийгмийн асуудлыг хөндөх нь түгээмэл байдаг ч хувийн амьдралын нарийн ширийн асуудлаа ийм өргөн хүрээнд дэлгэсэн тохиолдол ховор бөгөөд энэ нь мэргэжлийн тамирчны ёс зүйн талаарх шинэ хэлэлцүүлгийг өрнүүлээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.