Милан-Кортина 2026: Олимпын медалиуд эвдэрч буй асуудлыг албан ёсоор шалгаж эхэллээ
2026 оны Милан-Кортинагийн өвлийн олимпын наадам ид дундаа орж буй энэ үед зохион байгуулагчид гэнэтийн бөгөөд ноцтой асуудалтай тулгарлаа. Олон улсын тамирчид гардан авсан медалиуд нь хугарч, цуурч, эсвэл эмтэрч байна гэсэн гомдол гаргасны дараа наадмын зохион байгуулах хорооноос албан ёсны мөрдөн шалгах ажиллагааг яаралтай эхлүүлээд байна.
Энэхүү үйл явдал нь спортын тэмцээн уралдаанаас гадна наадмын үйл ажиллагаатай холбоотой хамгийн дуулиантай сэдэв болоод байна.
Медалийн чанартай холбоотой энэхүү хачирхалтай асуудал хэд хэдэн нэр хүндтэй тамирчдад тохиолджээ. Тухайлбал, АНУ-ын уулын цаначин Бриззи Жонсон баяраа тэмдэглэх үеэр медаль нь эмтэрсэн гэж мэдэгдсэн бол Шведийн тамирчин Эбба Андерссон медалиа цасан дээр унагахад хоёр хэсэг болон хугарсан тухай мэдээлсэн байна. Мөн Германы биатлонч Юстус Стрелов өөрийн хүртсэн хүрэл медаль нь цуурч, хэсэгчлэн салж унасан гэдгийг баталсан нь олон нийтийн анхаарлыг татаж, бүтээгдэхүүний чанарт эргэлзэхэд хүргэв.
Милан-Кортинагийн олимпын наадмын Үйл ажиллагаа хариуцсан захирал Андреа Франциси үүссэн нөхцөл байдалд тайлбар өгөхдөө, медалийн үйлдвэрлэлийн үйл явцыг нарийвчлан шалгаж байгаагаа баталлаа. Тус наадмын медалиудыг Италийн Төрийн мөнгөн тэмдэгтийн газар (Italian State Mint) хариуцан үйлдвэрлэсэн бөгөөд өмнө нь ийм төрлийн чанарын доголдол гарч байгаагүй, "урьд өмнө үзэгдээгүй" тохиолдол гэдгийг албаныхан онцолж байна. Зохион байгуулагчдын зүгээс энэ нь үйлдвэрлэлийн технологийн алдаа эсвэл материалын орц найрлагатай холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Олимпын медаль бол тамирчдын олон жилийн хөлс хүч, хөдөлмөрийн үр дүн бөгөөд спортын замналынх нь хамгийн үнэ цэнтэй шагнал байдаг билээ. Гэтэл дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээний шагнал ийнхүү чанарын шаардлага хангахгүй байгаа нь тамирчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй зохион байгуулагч орны нэр хүндэд ч томоохон цохилт болж байна. Одоогоор эвдэрсэн медалиудыг хэрхэн солих, нөхөн олгох талаар эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа ч хохирсон тамирчдын медалийг шинээр сольж өгөх магадлал өндөр байна.
Зохион байгуулах хороо болон үйлдвэрлэгч тал хамтран шалтгааныг тодруулахаар шуурхай ажиллаж байгаа бөгөөд цаашид гардуулах медалиудад ижил төрлийн гэмтэл гарахгүй байх тал дээр онцгой анхаарч байна. Олимпын наадам үргэлжилж буй энэ өдрүүдэд шинээр медаль хүртэх тамирчид шагналынхаа чанарт санаа зовнихгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь зохион байгуулагчдын нэн тэргүүний зорилт болоод байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.