Авлигын төсөөллийн индексээр манай улс 10 байр ухарч, 124 дүгээрт эрэмбэлэгджээ
"Транспэрэнси Интернэшнл" олон улсын байгууллагаас 2025 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг албан ёсоор танилцууллаа. Энэ жилийн тайланд манай улс 31 оноо авч, дэлхийн 182 орноос 124 дүгээр байрт жагссан нь өмнөх оныхоос 10 байраар ухарсан таагүй үзүүлэлт болж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 33 оноотой тогтвортой байсан үзүүлэлт ийнхүү хоёр оноогоор буурч, авлигын эсрэг тэмцлийн үр дүн саарч буйг олон улсын түвшинд харууллаа.
Индексийн оноо болон эрэмбэ ийнхүү огцом буурахад нөлөөлсөн гол хүчин зүйлсэд шүүх засаглалын хараат бус байдал алдагдах эрсдэл болон хуулийн хэрэгжилт ялгамжтай байгааг шинжээчид онцолж байна. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэргүүдийн шийдвэрлэлт удаашралтай, улсд учирсан хохирлыг барагдуулах, хөрөнгө буцаан авах ажиллагаа хангалтгүй байгаа нь сөрөг үнэлгээ авахад шууд нөлөөлжээ. Судалгаанд хамрагдсан улс орнуудын тоо өмнөх жилүүдээс нэмэгдэж 182 болсон хэдий ч байр ухарсан явдал нь дотоод засаглалын асуудал хурцадсаныг илтгэж байна.
Улс төрийн хүрээн дэх санхүүжилтийн ил тод бус байдал буюу сонгуулийн зардал дахь хяналтгүй мөнгөний урсгал нь авлигын эрсдэлийг нэмэгдүүлсээр байгаа аж. Мөн иргэний нийгмийн орон зай хумигдаж, шүгэл үлээгчдийг хамгаалах эрх зүйн орчин сул, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ирэх дарамт шахалт нэмэгдсэн нь ардчилсан институцийн дархлааг сулруулж буйг тайланд тэмдэглэжээ. Эдгээр хүчин зүйлс нь төрийн шийдвэр гаргах түвшинд "хар мөнгө"-ний нөлөөлөл орох эрсдэлийг бий болгож байна.
Дэлхий нийтийн дүр зургийг харвал Дани улс 90-ээс дээш оноогоор жагсаалтыг дахин тэргүүлж, Финланд, Шинэ Зеланд, Сингапур зэрэг улсууд удаалсан байна. Харин Сомали, Сири, Өмнөд Судан зэрэг орнууд жагсаалтын сүүлийг мушгижээ. Олон улсын түвшинд ардчилсан үнэт зүйлс сулрах, лобби бүлгүүдийн нөлөөлөл шийдвэр гаргах түвшинд ихэссэн нь нийтлэг "түгшүүртэй хандлага" болж байгааг тус байгууллагаас анхаарууллаа.
Тайлангийн дүгнэлтэд үндэслэн Засгийн газарт хандан авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрүүдийг цаасан дээр бус хөрсөн дээр буулгах, шүүхийн шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөсөн байна. Ялангуяа улс төрийн намын санхүүжилтийг шилэн болгож, ил тод байдлыг хангах нь цаашид индексийн оноог ахиулах, авлигын эрсдэлийг бууруулах суурь нөхцөл болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.