🔴С.Бямбацогт: Баялгийн өгөөжийн 60 хувийг иргэдэд хүртээж, хуримтлалын сангийн үлдэгдлийг 10 сая төгрөгт хүргэхээр зорьж байна
Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд гарын үсэг зурлаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Монгол Улсын иргэн бүрд нээсэн хуримтлалын нэрийн дансанд өнөөдрийн байдлаар 175 мянган төгрөг төвлөрөөд байна. Энэхүү хөрөнгө нь төрийн өмчит томоохон компаниудын ногдол ашгийн 34 хувиас бүрдэж байгаа бөгөөд 2030 оноос эхлэн орон сууц, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах эрх нь нээгдэх юм. Гэвч одоогийн байдлаар байгалийн баялгийн өгөөжийг ард түмэн бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байгаа тул Хуримтлалын санг арвижуулах асуудал нэн тэргүүний зорилт болоод байна.
УИХ-аас 2007 онд стратегийн ач холбогдол бүхий 15 ордын жагсаалтыг баталж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын 34-өөс 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмших хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хэдийгээр энэ асуудал олон жил яригдсан ч бодит ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн. Иймд Үндсэн хуулийн заалтыг амилуулж, байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээх зорилгоор стратегийн орд эзэмшигч хувийн хэвшлийнхэнтэй хэлцэл хийлээ.
Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг олон удаагийн хэлцэл хийсний үр дүнд байгалийн баялгийн өгөөжийн 60 хувийг Монголын ард түмэнд ногдуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр эхний тохиролцоонд хүрээд байна. Баялгийн өгөөжид татвар, төлбөр, хураамж болон ногдол ашиг багтах юм. Жишээлбэл, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр өгөөжийн 53 хувийг Монголын тал хүртэхээр заасан ч бодит байдал дээр энэ нь 25 хувьтай байгааг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.
Цаашид "Бадрах Энержи" компанийн уран олборлолтын гэрээний жишгээр "50 дээр нэмэх нь 1" хувийн өгөөж хүртэх зарчмыг баримтлахаар төлөвлөж байна. Хэрэв өгөөж энэ хэмжээнээс буурвал тохируулгын төлбөр, тусгай АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр дамжуулан 60 хувийн өгөөжийг заавал бүрдүүлэх механизмыг нэвтрүүлэх юм.
Ингэснээр 2030 он гэхэд иргэн бүрийн хуримтлалын дансны үлдэгдлийг 10 сая төгрөгт хүргэж, иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж тооцож байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.