Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов
Ираны хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн Энх тайвны шагналт Нэргэс Мохаммадид тус улсын Хувьсгалт шүүхээс дахин 7 жил 6 сарын хорих ял нэмж оноолоо. Машхад хотын шүүхээс түүнийг "Үндэсний аюулгүй байдлын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан", "Төрийн эсрэг суртал ухуулга явуулсан" гэх үндэслэлээр буруутгаж, хорих ялаас гадна хоёр жилийн цөллөгт явуулах шийдвэр гаргасан байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Ираны эрх баригчдаас түүнд оноож буй ээлжит хатуу шийтгэл болж байна.
Шүүхийн шийдвэрээр түүнд оноосон ялын зургаан жилийг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт, үлдсэн 1.5 жилийг төрийн эсрэг суртал ухуулгад тооцжээ. Үүнээс гадна ялаа эдэлж дууссаны дараа Ираны зүүн хэсгийн алслагдсан Хүсф бүсэд хоёр жил цөлөх, мөн хугацаагаар хилийн чанадад зорчих эрхийг нь хязгаарласан байна. Түүнийг 2025 оны 12 дугаар сарын 12-нд Машхад хотод хүний эрхийн хуульч Хосров Аликордигийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцож байхад нь хууль сахиулагчид хүч хэрэглэн баривчилсан түүхтэй.
Н.Мохаммади нь шүүх хурлыг "инээдэм", "хууль бус жүжиг" хэмээн эрс шүүмжилж, өөрийгөө өмгөөлөхөөс татгалзан дуугүй байх замаар эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрээр шударга бус шүүх ажиллагааг эсэргүүцэн хоёрдугаар сарын эхээр өлсгөлөн зарласан бөгөөд үүний улмаас биеийн байдал нь эрс муудаж, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн байна. Одоогоор түүнийг буцаан хорих ангид шилжүүлж, биеийн байдлаас шалтгаалан өлсгөлөнгөө зогсоогоод байгаа аж.
Сүүлийн арваад жилийн ихэнх хугацааг торны цаана өнгөрүүлж буй түүний нийт ялын хэмжээ энэхүү шинэ шийтгэлтэй нийлээд 44 жилд хүрч байна. Иран дахь эмэгтэйчүүдийн эрх чөлөө, дарангуйллын эсрэг тууштай тэмцлээрээ 2023 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн тэрээр шагналаа гардан авч чадаагүй бөгөөд шоронгоос тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм.
Энэхүү шийдвэрийг түүний нөхөр Таги Рахмани "маш харгис, шударга бус явдал" хэмээн тодорхойлсон бол "Эмнести Интернэшнл" байгууллагаас үүнийг тэрс үзэлтнүүдийг дарах гэсэн оролдлого гэж үзэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг болон хүний эрхийн байгууллагууд Ираны эрх баригчдыг Н.Мохаммадиг нэн даруй суллахыг шаардаж байгаа ч Тегераны зүгээс хатуу байр сууриа хадгалсаар байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.