Оросын тагнуулын генералын аминд халдсан сэжигтнийг Дубайгаас баривчилжээ
ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын гол газар буюу ГРУ-ын орлогч дарга, дэслэгч генерал Владимир Алексеевийн аминд халдахыг завдсан хэргийн гол сэжигтнийг баривчилжээ. Холбооны аюулгүй байдлын албанаас мэдээлснээр, уг халдлагыг гардан үйлдсэн сэжигтэн Любомир Корбаг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотоос шуурхай илрүүлэн баривчилж, Москвад шилжүүлэн авчирсан байна. Энэ нь Оросын цэргийн өндөр албан тушаалтны эсрэг чиглэсэн ноцтой халдлагуудын нэг болж, олон улсын анхаарлыг татаад байна.
Халдлага хоёрдугаар сарын 6-ны Баасан гарагт Москва хотын баруун хойд хэсэгт, Волоколамскын хурдны зам дагуу байрлах генералын оршин суудаг орон сууцны орцонд гарчээ. Гэмт этгээд 65 настай генералын нуруу болон бие рүү хэд хэдэн удаа буудсан бөгөөд одоогоор хохирогчийн биеийн байдал маш хүнд, эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт байгаа аж. Хэргийн газраас дуу намсгагчтай "Макаров" загварын гар буу олдсон нь уг халдлагыг урьдчилан нарийн төлөвлөсөн болохыг илтгэж байгаа юм.
Оросын тусгай албаныхны мэдээлснээр, баривчлагдсан Любомир Корба нь Украины Тернополь мужаас гаралтай ОХУ-ын иргэн аж. Тэрээр Украины тагнуулын байгууллагын даалгавраар террорист халдлага үйлдэх зорилгоор 2025 оны сүүлээр Москвад ирсэн гэж буруутгагдаж байна. Мөрдөн байцаалтын явцад хэрэгт холбоотой өөр хоёр этгээдийг тогтоосноос Виктор Васин гэгчийг Москвад саатуулж, харин Зинаида Серебрицкая хэмээх эмэгтэйг Украин руу зугтсан хэмээн үзэж эрэн сурвалжилж эхэлжээ.
Энэхүү хэрэг явдал нь хоёр улсын хоорондын дипломат маргааныг улам хурцатгав. Оросын мөрдөн байцаагчид үүнийг Украины тусгай албаны захиалгат "террорист ажиллагаа" гэж тодорхойлсон бол Киевийн зүгээс эрс няцаасан байна. Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха уг хэрэгт Украин улс ямар ч хамааралгүй бөгөөд энэ нь Оросын эрх баригчдын дотоод зөрчил, эрх мэдлийн төлөөх тэмцлийн илрэл байх магадлалтай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэжигтнийг шуурхай баривчлахад туслалцаа үзүүлсэн АНЭУ-ын удирдлагад талархал илэрхийлсэн байна.
Дэслэгч генерал Владимир Алексеев нь Оросын цэргийн тагнуулын байгууллагын хоёрдугаар хүн бөгөөд Сири болон Украины эсрэг цэргийн ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэж ирсэн нөлөө бүхий эрхэм юм. Тэрээр 2023 онд "Вагнер" группийн бослогын үеэр Евгений Пригожинтой хэлэлцээ хийж байснаараа олон нийтэд танигдсан билээ. Сүүлийн үед Оросын цэргийн өндөр албан тушаалтнууд халдлагад өртөх тохиолдол нэмэгдэж байгаа нь бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадмал хэвээр байгааг харуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.