Трамп Обамаг доромжилсон бичлэг нийтэлж, хүчтэй шүүмжлэлд өртлөө
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн эзэмшлийн "Truth Social" платформ дээр экс Ерөнхийлөгч Барак Обама болон тэргүүн хатагтай асан Мишель Обама нарыг сармагчин болгон дүрсэлсэн бичлэг нийтэлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, улс төрийн томоохон дуулиан дэгдээлээ.
Пүрэв гарагийн орой нийтлэгдсэн уг бичлэг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэсэн хэмээн шүүмжлэгдэж, Цагаан ордон болон Бүгд найрамдах намын дотор ч маргаан үүсгээд байна.
Ойролцоогоор нэг минут үргэлжлэх уг маргаантай бичлэгт 2020 оны сонгуулийн үр дүнг үгүйсгэсэн агуулга багтсан бөгөөд Трампыг "ширэнгэн ойн хаан" арслангийн дүрээр харуулжээ. Харин бичлэгийн төгсгөлд "The Lion Sleeps Tonight" дуу эгшиглэх үед Барак болон Мишель Обама нарын нүүр царайг хоёр сармагчны бие дээр эвлүүлэн тавьсан дүрс гардаг байна. Хүчтэй шүүмжлэл өрнөсний дараа баасан гарагт уг бичлэгийг Трампын хаягнаас устгасан боловч хэдийнээ олон нийтийн сүлжээгээр тархаж амжжээ.
Цагаан ордны хэвлэлийн алба эхэндээ уг үйл явдлыг энгийн "интернэт мийм" хэмээн өмгөөлж, шүүмжлэлийг "хуурамч эгдүүцэл" гэж нэрлэж байв. Гэвч олон нийтийн дарамт шахалт нэмэгдэх үед тайлбараа өөрчилж, бичлэгийг ажилтны алдаанаас болж санамсаргүй нийтлэгдсэн гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Трамп сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа бичлэгийг бүхэлд нь үзээгүй, зөвхөн эхний хэсгийг харсан хэмээн өөрийгөө зөвтгөсөн ч албан ёсоор уучлалт гуйхаас эрс татгалзсан байна.
Энэхүү үйлдэл нь улс төрийн хүрээнд хүчтэй хариу үйлдэл дагуулж, Ардчилсан намын удирдагчид болох Хаким Жеффрис, Гэвин Ньюсом нар үүнийг "жигшмээр", илт арьс өнгөөр ялгаварласан үйлдэл гэж буруутгалаа. Тэр ч байтугай Трампын намын нөлөө бүхий сенатор Тим Скотт хүртэл уг бичлэгийн агуулгыг арьс өнгөний үзэл агуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь нөхцөл байдлыг улам хурцатгав. Харин Обамагийн гэр бүлийн төлөөлөгчид уг доромжлолд хариу өгөх шаардлагагүй гэж үзэн чимээгүй байхыг илүүд үзжээ.
Энэхүү үйл явдал нь Америкийн нийгэм дэх арьс өнгөөр ялгаварлах үзлийн эмзэг сэдвийг дахин хөндөж, төрийн тэргүүний сошиал медиа хэрэглээний ёс зүйн хэм хэмжээний талаарх хэлэлцүүлгийг өрнүүлээд байна. Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан энэхүү болчимгүй үйлдэл нь ирэх сонгуулийн кампанит ажил болон олон нийтийн санаа бодолд хэрхэн нөлөөлөх нь ажиглагчдын анхаарлын төвд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.