ЭЗХЯ: Дэлхийн банктай стратегийн салбарт томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли-г хүлээн авч уулзаж, Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүд хүрээнд санал солилцов.
Уулзалтын үеэр эрчим хүч, зам тээвэр, дэд бүтэц зэрэг эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн салбаруудын шинэчлэл, эдгээр салбарт хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр салбарын либералчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нь чухал болохыг онцолж, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, эрсдэлийг хуваалцах чиглэлд Дэлхийн банкны санхүүгийн баталгаа зэрэг шинэлэг арга хэрэгслийг ашиглан хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улсын эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаагаа илэрхийлээд, Тэргүүн Шадар сайдын дэвшүүлсэн хамтын ажиллагааны чиглэлүүд нь хоёр талын стратегийн түншлэлийн хүрээнд бүрэн нийцэж байгааг онцлов.

Уулзалтын дүнд талууд салбар хоорондын уялдаа холбоог хангаж, тодорхой төслүүд дээр техникийн түвшинд шуурхай хамтран ажиллахаар тохиролцлоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.