Илон Маскын хөрөнгө 800 тэрбум ам.долларыг давж түүхэн дээд амжилт тогтоов
Технологийн салбарын тэрбумтан Илон Маск дэлхийн түүхэнд анх удаа 800 тэрбум ам.долларын босгыг давсан хөрөнгөтэй хүн болсныг Forbes болон Bloomberg агентлагууд албан ёсоор мэдээллээ. Түүний нийт хөрөнгө одоогоор 852 тэрбум ам.долларт хүрээд байгаа бөгөөд энэхүү огцом өсөлт нь сансрын технологи болон хиймэл оюун ухааны салбарын томоохон нэгдэлтэй шууд холбоотой юм.
Хөрөнгийн хэмжээ ийнхүү богино хугацаанд үлэмж нэмэгдэхэд түүний эзэмшлийн SpaceX болон хиймэл оюун ухааны xAI компаниуд нэгдсэн үйл явдал гол түлхэц болжээ. Хоёр компанийн нэгдлийн үр дүнд үүссэн шинэ бүтцийн зах зээлийн үнэлгээ 1.25 триллион ам.долларт хүрсэн байна. Маск тус нэгдсэн компанийн 43 хувийг эзэмшиж байгаа нь дангаараа 542 тэрбум ам.доллараар үнэлэгдэж, түүний хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болж хувирлаа.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлэгчийн байр суурь улам баталгаажиж, удаах байранд бичигдэж буй Google-ийн үүсгэн байгуулагч Ларри Пэйжээс даруй 570 гаруй тэрбум ам.доллараар тасархай түрүүлж байна. Сонирхолтой нь, Илон Маскын хөрөнгө ердөө дөрөвхөн сарын дотор 500 тэрбумаас 800 тэрбум ам.долларын босгыг давсан нь санхүүгийн түүхэнд байгаагүй хурдтай өсөлтөд тооцогдож байгаа юм.
Түүний хөрөнгийн багцад цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компанийн хувьцаа томоохон байр суурь эзэлсэн хэвээр байна. Тэрээр тус компанийн 12 хувийг эзэмшдэг нь ойролцоогоор 178 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаагаас гадна 124 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий хувьцаа худалдан авах эрхтэй ажээ.
Санхүүгийн шинжээчид Илон Маскыг 2026 ондоо багтаж дэлхийн анхны "триллионер" буюу нэг их наяд ам.долларын хөрөнгөтэй хүн болно гэж таамаглаж байна. Ялангуяа SpaceX компани энэ онд багтан хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалж (IPO) эхэлбэл компанийн үнэлгээ 1.5 триллион ам.долларт хүрч, түүний хөрөнгийг дахин хэдэн зуун тэрбумаар нэмэгдүүлэх бодит боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.