🔴Г.Ганбаатар: УИХ-аас багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхээр 700 тэрбум баталж өгсөн. Гэтэл бодит байдал дээр цалин нэмэгдсэнгүй
Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмнэ гэж залилсан хэмээн Ардчилсан Намаас мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:
-УИХ-аас 2026 оны төсвийг батлахдаа багш нарын цалинг нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар буюу 724 мянган төгрөгөөр, арваннэгдүгээр сарын 1-нээс 25 хувиар буюу 2.8 сая төгрөгт хүргэхээр эх үүсвэр дээр нь 518.5 тэрбум төгрөгийг баталж өгсөн. Мөн эмнэлгийн ажилтнуудын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхээр нийт 190 тэрбум төгрөгийг баталсан. Гэтэл бодит байдал дээр цалин нэмэгдсэнгүй.
Тойрогтоо ажиллах үед маш олон санал хүсэлт ирсэн. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн багш нар төр засгийг амлалтдаа хүрэхийг шаардсан. Багш нарын ур чадварын зэрэг бүх нэмэгдлийг хассан байна. Цалин нэмсэн нэртэй болохоос биш бодит байдал дээр 177 мянган төгрөг л нэмэгдсэн гэж байна. Мөн залуу багш нарын цалин нэмэгдсэн боловч бодит байдал дээр 35-аас дээш жил ажилласан багш нарын цалин нэмэгдэх нь битгий хэл бараг хасагдсан тухай гомдол ирсэн.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин 15 хувиар нэмэгдсэн байх ёстой. Харамсалтай нь Улсын хоёрдугаар төв эмнэлэг гэхэд л цалингаа огт нэмээгүй. Тус эмнэлэг 576 орон тоотой байх ёстой атал 84 орон тоо илүү байгаа учраас цалингийн 15 хувийн нэмэгдлийг өгч чадахгүй гэж удирдлагууд нь мэдэгдсэн байна. Цаашид цалингийн асуудлаар судалгаа хийж, бодит байдлыг мэдээлэх болно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.