Соёлын өв завшсан Х.Болдбаатарын өмгөөлөгчдийн гомдлыг шүүх хүлээн авсангүй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийнх нь төрсөн дүү Х.Болдбаатарт холбогдох, соёлын өвийн эсрэг гэмт хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Х.Болдбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 25.3-1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны наймдугаар сард хэлэлцэн дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
Уг шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээсэн бөгөөд үүнийг нь үндэслэлгүй гэж үзсэн шүүгдэгчийн хоёр өмгөөлөгч Дээд шүүхэд гомдол гаргасан. Улсын дээд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсгийн “Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж үзэн хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр нь үлдээлээ.
Х.Болдбаатарын үүсгэн байгуулсан “Нью фолдер арт” ХХК-ийн галерейд 2019 онд хууль сахиулах байгууллагынхан үзлэг нэгжлэг хийж, соёлын өвд хамаарах хэд хэдэн зүйлийг хураан авсан. “Их тэнгэр” цогцолбороос алдагдсан гэх 17 зургийн нэг “Бугуйлч” хэмээх бүтээл Х.Болдбаатарын эзэмшлийн уг галерейгаас олдсон дуулиантай холбоотойгоор цагдаагийнхан нэгжлэг хийхдээ чулуужсан мод, хүрлийн үед хамаарах хадны зургууд, Дундад зууны үеийн агсарга бүсний алтадмал хүрэл товруун 25 чимэглэл зэргийг хадгалж байсныг илрүүлсэн юм. Мэргэжлийн шинжээчид эд өлгийн зүйлсийг шинжлээд хадны сүг зургуудыг байгалийн хаднаас хурц үзүүртэй зүйл ашиглан ховхолж авсан гэдгийг тогтоосон байдаг.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Х.Болдбаатарыг санаатайгаар соёлын өвийн нэгдсэн санд бүртгүүлэлгүй, археологийн олдворыг төрийн өмчлөлд шилжүүлэлгүйгээр шунахай сэдэлтээр хууль бусаар эзэмшиж, өөрийн хөрөнгийн адил ашиглах боломжийг өөртөө бий болгож, соёлын биет өвийг завшсан гэм буруутай гэж дүгнэсэн юм.
Улсын дээд шүүхийн хуралд оролцсон хяналтын прокурор “Соёлын өвийн тухай хуульд зааснаар түүх соёлын дурсгалт зүйл, археологи, палеонтологийн олдвор илрүүлсэн хүн 30 хоногийн дотор бүртгүүлэх ёстой. Х.Болдбаатарын хувьд эртний эдлэл, уран зураг цуглуулдаг хүн хуулийн энэ заалтыг мэдэх нь гарцаагүй. Гэтэл бүртгүүлэлгүй хувийнхаа цуглуулгад хадгалж байсан нь соёлын өвийг завшсан гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” хэмээсэн юм.
Байгалийн чулуунд сийлж үлдээсэн хадны сүг зургийг л гэхэд хурц үзүүртэй зүйлээр ховхлон авч цуглуулгадаа хадгалж байсан нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү, биш үү гэдгийг ч шүүх бүрэлдэхүүн Х.Болдбаатарын өмгөөлөгч нараас асуусан ч тодорхой хариулт өгч чадахгүй, Зөрчлийн хуулийн дагуу 100 000 төгрөгөөр торгох ёстой гэцгээж байлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.