М.Бадамсүрэн: БОАЖЯ УИХ-ын тогтоолгүй нүүж байсан юм билээ. Харин ХХААХҮЯ УИХ-ын тогтоолтой нүүсэн
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэсэн нь буруу шийдвэр байсан, буцаагаад Улаанбаатар хотод авчирна гэх яриа сүүлийн үед салбарын сайд солигдсонтой холбоотойгоор гараад байгаа. Энэ талаар болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэнгээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн:
-ХХААХҮЯ болон Малын удмын сан, Хөдөө аж ахуйн бирж, Батлан даалтын сан зэрэг нь Дархан-Уул аймагт, Мал эмнэлэг, ЖДҮГ, Судалгаа, хөгжлийн төв, лабораториуд, УИХ, Засгийн газартай харьцдаг нэгж нь Улаанбаатар хотод ажиллаад байгаа юм. Дарханд ажиллаж байгаа 60 ажилтны орон сууцны 30-40 хувийн урьдчилгаанд зориулж Хөдөө аж ахуйн биржийн ашгаас 2-3 тэрбум төгрөг гаргасан.
Одоо яагаад буцааж авчрах асуудал гараад байна вэ гэхээр УИХ дээр зарчмын зөрүүтэй саналаар санал хураагаад, нэг хүний илүүгээр нүүлгэх тогтоол батлагдсан юм билээ. Буцааж авчрах эсэх дээр хүний эрхийг дээдэлнэ.
Ажилчид болон олон нийтээс санал асуух нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Ерөнхий сайд бол үүн дээр байр сууриа тодорхой илэрхийлсэн, "УИХ-ын гишүүдийн шийдвэрээр нүүлгэсэн" гэж. БОАЖЯ нэг удаа Яармаг руу УИХ-ын тогтоолгүй нүүж байсан юм билээ. Тиймээс буцаж ирж байсан. ХХААХҮЯ-ны хувьд УИХ-ын тогтоолтой нүүсэн. Монгол Улсын Ерөнхий сайд асуудлыг УИХ-д оруулах эрх нь нээлттэй байгаа.
Гэхдээ би хэлээд байна шүү дээ, хүний эрхийг дээдлэх ёстой гэж. Дарханд амьдрахын тулд гэрээ бүлээ аваад явсан байж таарна. Хань ижлээ ажлаас нь гаргаад, тэнд ажилд оруулсан. Хүүхдийнхээ сургууль соёлыг шилжүүлсэн байгаа. Орон сууц аваад төвхнөөд байгаа. Иймээс саналыг нь заавал авах хэрэгтэй...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.