А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна

А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэгийг байгуулна. Өнөөдрийн байдлаар 11 цэг ашиглалтад орсон бөгөөд үлдсэн цэгүүдийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ЧД-ийн 13 дугаар хороонд байрлах хий цэнэглэх гуравдугаар цэг дээр ажиллалаа.

НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Өнөөдрийн байдлаар 390 гаруй өрхийг хийн түлшний хэрэглээнд холбоод байна. Энэ долоо хоногоос эхлээд өдөрт 100-120 айлын холболтыг хийнэ. Бид нэгдүгээр сарын 15-наас дулаалсан айл өрхүүдийг хийн хэрэглээнд холбож эхэлсэн. Хийн хэрэглээнд шилжиж буй өрхүүдэд хийн аюулгүй хэрэглээний талаар сургалт орсон. Мөн хийн түлшний хэрэглээнд шилжсэн өрхүүдийн аюулгүй ажиллагааг 7-14 хоногийн хугацаанд хянан ажилласан. Энэ жил 5000 өрхийг хийн түлшинд холбож дуусаад, 2026-2027 оны өвөл 46 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр айл дулаалгаа өөрсдөө хийсэн байх шаардлагатай бөгөөд хийн түлшинд шилжих хүсэлтээ дүүрэг, хороондоо өгснөөр шилжих боломжтой юм. Иргэд хийн түлшээ Хотула аппликейшн, иргэний үнэмлэх, болон бүртгэлтэй утасны дугаараараа худалдан авна. Нэг цэг өдөрт 50 баллон хий цэнэглэж байна” гэлээ.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн шахмал түлш түлж буй өрхүүдэд угаарын хийн аюулаас хэрхэн сэргийлж байгаа талаар мэдээлэл өглөө. Нийслэлд 172,600 айл өрх гал түлж байна. Энэ өрхүүдийг угаар мэдрэгч төхөөрөмжид холбоод дууссан. Ингэснээр нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд гал түлж байгаа айлуудын угаарын хийн мэдээллийг бүрэн хянаж байна. 100 орчим айлд сүлжээний асуудал үүссэн, засвар үйлчилгээ хийгдэж байна. Түлшийг дамлаж зарах тохиолдол гардаг байсан бол Хотула системд холбосноор энэ асуудал цэгцэрсэн гэдгийг тодотголоо.

6980665fe337fe7967a310c4

69806664e337fe7967a310c5

6980666fe337fe7967a310c7

69806674e337fe7967a310c8

6980667be337fe7967a310c9

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.