Конгод колтаны уурхай нурж 200 гаруй хүн амиа алджээ
Ардчилсан Конго Улсын зүүн хэсэгт орших Хойд Киву мужийн Рубая хотод колтаны уурхай нурсны улмаас 200 гаруй хүн амиа алдсан хэрэг гарлаа. Стратегийн чухал ач холбогдол бүхий тус бүс нутагт үргэлжлэн орсон аадар борооны улмаас хөрсний гулсалт үүсэж, олон тооны уурхайчид болон энгийн иргэд шороонд дарагдсан байна. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн олон хүний амь насыг авч одсон уурхайн ослуудын нэг болон бүртгэгдэж байна.
Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар амь үрэгдэгсдийн тоо 227-д хүрсэн бөгөөд хохирогчдын дунд зөвхөн уурхайчид бус, ойролцоо худалдаа эрхэлж байсан эмэгтэйчүүд, хүүхдүүд ч өртжээ. Тус уурхай нь 2024 оноос хойш M23 зэвсэгт бүлэглэлийн хяналтад байгаа бөгөөд ослын талаарх мэдээллийг босогчдын томилсон орон нутгийн төлөөлөгч Лумумба Камбере Муйиса баталгаажуулсан байна. Аврах ажиллагаа нэн хүнд нөхцөлд үргэлжилж байгаа бөгөөд техник хэрэгсэл дутагдалтайгаас үүдэн нутгийн иргэд гар аргаар шавраас хүмүүсийг гаргахаар ажиллаж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар гар аргаар олборлолт явуулдаг уурхайнуудын аюулгүй байдлын стандарт алдагдсан, туннель хоорондын зай хэт ойр байсан нь олон хүн нэг дор дарагдах үндсэн шалтгаан болжээ. Одоогоор гэмтэж бэртсэн 30 гаруй иргэнийг Рубая болон Гома хотын эмнэлгүүдэд хүргэн эмчилж байна. Рубая хот нь дэлхийн колтаны хэрэгцээний 15 орчим хувийг хангадаг бөгөөд ухаалаг гар утас, цахилгаан автомашины зай үйлдвэрлэлд нэн шаардлагатай тантал металлын гол эх үүсвэр юм.
Энэхүү осол нь өндөр технологийн түүхий эдийн олборлолт хүний амь нас, аюулгүй байдлыг золиослон байж хийгддэг "цуст ашигт малтмал"-ын асуудлыг олон улсын тавцанд дахин хурцаар хөндөж эхэллээ. Одоогийн байдлаар тухайн бүс нутагт гар аргаар ашигт малтмал олборлохыг түр зогсоож, уурхайн ойролцоо амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаад байна. Цаашид уул уурхайн салбар дахь хүний эрх, аюулгүй байдлын хяналтыг чангатгах шаардлагатайг сануулсан харанга боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.