2 их наядын тендер “Авсан” ч осол гаргасаар байгаа “Спейшл Майнинг Сервис” компанид хариуцлага тооцох уу?

2 их наядын тендер “Авсан” ч осол гаргасаар байгаа “Спейшл Майнинг Сервис” компанид хариуцлага тооцох уу?

Өнгөрсөн сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн уурхайд гарсан тэсэлгээний осол уул уурхайн салбар дахь хариуцлагагүй үйл ажиллагаа, хяналтгүй тогтолцоог дахин илчиллээ. Тус уурхайд тэсэлгээний ажлыг гүйцэтгэдэг “Спэйшл Майнинг Сервис” ХХК-ийн хийсэн тэсэлгээний дараа цэнэгтэй үлдсэн цооногууд хяналтгүйгээр дараалан тэсэрч, хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байсан экскаватор эвдэрч, оператор нь хүнд гэмтсэн ноцтой осол өнгөрсөн сард гарсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ нь ганц удаагийн санамсаргүй осол биш аж. Уг компанийн тэсэлгээний ажлын технологийн ноцтой алдаа, аюулгүй ажиллагааны зөрчлөөс үүдэлтэй хяналтгүй тэсрэлт өмнө нь ч удаа дараа гарч байсан бөгөөд үүний улмаас уурхайн зарим хэсэгт ажил гүйцэтгэх боломжгүй, хүний амь насанд шууд аюул учруулах эрсдэлтэй “минжүүлсэн” талбай болжээ. Ийм нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас уурхайн зарим блокыг битүүмжилж, хөрс хуулалтын ажлыг бүрэн зогсоосон байдалтай байна.

Өөрөөр хэлбэл, нэг компанийн хариуцлагагүй тэсэлгээ уурхайн хэвийн үйл ажиллагааг саатуулах хэмжээнд хүрсэн гэсэн үг. Харамсалтай нь, ийнхүү олон удаа анхааруулга өгөгдөж, осол зөрчил давтагдсаар байхад хариуцлага тооцсон, бодитой арга хэмжээ авсан талаарх мэдээлэл өнөөдрийг хүртэл алга. Харин бодит байдал дээр хариуцлагагүй тэсэлгээний үр дагаврыг тус уурхайд ажиллаж буй ажилчдын амь нас, эрүүл мэндээр “төлүүлж” буй дүр зураг дахин давтагдсаар байна. Хариуцлагагүй гэхээс илүү мэргэжлийн ур чадвар дутуу дулимаг, улс төрчид, эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий компаниудын шахаа, тендерийн наймаа өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэж байна гэж хардах ч тал бий.

Учир нь өнгөрөгч нүүрсний сонсголын үеэр “Спэйшл Майнинг Сервис” ХХК-ийн талаар хэд хэдэн ноцтой баримт дурдагдаж байсан байдаг. Тус компани нь УИХ-ын гишүүн асан Молекул хочит Батж.Батбаяр болон түүний хөвгүүд, УИХ-ын дарга асан Гончигдорж, Эдийн засаг хөгжлийн дэд сайд асан Түвдэндорж нартай хамаарал бүхий болохыг нүүрсний сонсголоор нийтэд ил болгосон. Мөн тус компани 2019 оноос өнөөдрийг хүртэл Эрдэнэс тавантолгой ХК-ийн уурхайд тэсэлгээний бүх ажлыг дангаар гүйцэтгэж байгаа бөгөөд улс төрийн нөлөө, харилцаа, хамаарлын давуу байдлаа ашиглан тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгардаг байж болзошгүй асуудлыг нүүрсний сонсголын үеэр ч хөндөн ярьж байжээ.

“Спэйшл Майнинг Сервис” ХХК нь өнөөдрийг хүртэл 2 их наяд орчим төгрөгийн тендерийг Эрдэнэс тавантолгой ХК-тай байгуулаад байгаа гэх албан бус мэдээ ч байна. Эцэст нь уул уурхайн салбарыг тэргүүлэх салбар болгосон манай улсын хувьд энэ мэт салбарын эрсдэлээс сэргийлэх хууль, журам стандартыг мөрдүүлэх, хариуцлага сахилгын арга хэмжээг чангатгах, дарга нарын бус мэргэжлийн байгууллагуудыг түшиглэн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого зайлшгүй дутаж байгааг харуулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.