Кибер гэмт хэргийн сүлжээг удирдагч Шэ Жижианд цаазын ял оноох нөхцөл бүрджээ
БНХАУ-ын эрх баригчид хил дамнасан цахим гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хатуу тэмцэж эхэлсний тод жишээ болж, Мьянмарын Коканг бүс дэх гэмт хэргийн сүлжээг удирдагч Мин овогтын гэр бүлийн гишүүдийг цаазаар авлаа. Энэхүү үйл явдал нь Зүүн Өмнөд Азид "Швэ Кокко" болон "КК Парк" зэрэг томоохон залилангийн бүсүүдийг удирдаж байсан "Дэлхийн гэмт хэргийн загалмайлсан эцэг" гэгддэг Шэ Жижианы хувь заяа хэрхэн шийдэгдэх вэ гэсэн асуултыг олон улсын анхаарлын төвд оруулаад байна.
Жэжян мужийн Вэньжоу хотын шүүхээс саяхан цахим залилан, хүн амины хэрэг, хүний наймааны гэмт хэрэг үйлдсэн Мин Гуопин, Мин Жэньжэнь тэргүүтэй 11 этгээдэд цаазаар авах ялыг гүйцэтгэсэн юм. Эдгээр этгээдүүд нь Мьянмарын хойд хэсэгт хууль бус үйл ажиллагаа явуулж, олон мянган хүнийг хохироосон бөгөөд Хятадын хууль сахиулах байгууллагын тусгай ажиллагааны үр дүнд баривчлагдсан байдаг. Энэхүү хатуу шийтгэл нь ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн бусад бүлэглэлийн толгойлогчдод өгч буй томоохон сануулга боллоо.
Одоогоор Хятадын Жянсү мужийн Жэньжян хотод хоригдож буй Шэ Жижианы хувьд үйлдсэн гэмт хэргийн цар хүрээ нь цаазлуулсан этгээдүүдээс ч давах магадлалтай байна. Тэрээр Камбожийн иргэншилтэй боловч Хятад гаралтай бөгөөд Зүүн Өмнөд Ази даяар 200 гаруй хууль бус мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж, хүний наймаа болон цахим залилангийн асар том сүлжээг бий болгосон юм. Түүний удирдсан сүлжээгээр дамжсан хууль бус мөнгөний эргэлт 12.6 их наяд тай бат буюу ойролцоогоор 385 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа нь хэргийн ноцтой байдлыг илтгэнэ.
Шэ Жижианыг 2022 оны наймдугаар сард Тайландын цагдаа нар Интерполын "Улаан мэдэгдэл"-ийн дагуу Бангкок хотоос баривчилсан түүхтэй. Улмаар хуулийн процесс гурван жил орчим үргэлжилсний эцэст 2025 оны сүүлээр Тайландын шүүх түүнийг БНХАУ-д шилжүүлэн өгөх шийдвэрийг эцэслэн гаргасан билээ. Хэдийгээр түүний шүүх хурлын тов болон ялын шийдвэр албан ёсоор гараагүй байгаа ч Хятадын хууль тогтоомжийн дагуу онц хүнд гэмт хэрэгт тооцогдох тул ялын дээд хэмжээ авах нөхцөл бүрдсэн гэж шинжээчид үзэж байна.
Хятадын эрх баригчид хил дамнасан цахим гэмт хэрэгтэй тэмцэх бодлогоо эрс чангатгаж байгаа энэ үед Шэ Жижианы хэрэг зөвхөн нэг хувь хүний асуудал бус, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах томоохон мессеж болох юм. Мин овогтын бүлэглэлийн удирдагчдыг цаазалсан явдал нь Шэ Жижианд ч мөн адил хувь заяа хүлээж байж болзошгүйг харуулж байгаа бөгөөд олон улсын хэвлэлүүд түүний шүүх хурлын үр дүнг анхааралтай ажиглаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.