Гэрч: Ц.Санжаачойпэл ирээд "Би Монголын хамгийн баян хүн. Хүн алаад шоронгоос зүгээр л гараад ирнэ" гэж орилсон

Гэрч: Ц.Санжаачойпэл ирээд "Би Монголын хамгийн баян хүн. Хүн алаад шоронгоос зүгээр л гараад ирнэ" гэж орилсон

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Тэдэнд зодуулсан гэх Д.Саяннямбууг мөн шүүгдэгчээр татаад байгаа юм.

Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд 2025 оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө гарсан байдаг.

Дээрх хэргийн гэм буруугийн шүүх хурал яг одоо болж байна. Бусдад чирэгдэж дээш харж унасан байсан Д.Саяннямбууг Б.Амарсайхан баруун гараараа хоёр удаа, Л.Алтан-Очир хөл болон гараараа, Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар өшиглөж байгаа нь бичлэгээр нотлогдож байна. Д.Саяннямбуугийн биед хүндэвтэр, Ц.Санжаачойпэлийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан байна. “Би хамгийн баян хүн.Би хүн алсан ч шоронгоос зүгээр гараад ирнэ” гэх мэтээр орилсон гэж гэрч нар мэдүүлсэн гэдгийг улсын яллагч хэлэв.

Шүүгдэгч  Ц.Санжаачойпэл:

-Би хоёр хоногийн дараа магистраа хамгаалахаар буцах гэж байсан учраас тэр орой найзуудтайгаа уулзсан. Канте баранд ортол Д.Саяннямбуугийн ширээнд сууж байсан н.Өлзийсайхан манай найз охиныг хоргоож эхэлсэн. Гадаа гарахад дахиад хоргоож байсан учраас бидний хооронд маргаан эхэлсэн. Д.Саяннямбуу гартаа цагаа зүүж миний нүд рүү цохисныг би сайн санаж байна.

Хохирогч Д.Саяннямбуу:

-Тухайн өдрийн үйл явдлыг сайн санахгүй байгаа. Миний нүдний аяганы яс, нүүрний яс хугарсан. Хамар цаашаа орсон. Тархинд цус харвасан. Нүдэндээ суулгацтай, нүүрэндээ төмөр суулгуулсан. Дахин хагалгаанд орох заалттай.

Шүүгдэгч Э.Тэмүүлэн:

 -Д.Саяннямбуугийн хохиролд бид нийт 1 тэрбум 500 орчим сая төгрөг олгосон

Шүүгдэгч Ц.Санжаачойпэл:

Энэ бүхэн надаас эхэлсэн. Би тэвчээд өнгөрсөн бол энэ бүх зүйл болохгүй байсан. Хохирогчийн гэр бүлээс уучлал хүсэж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.