Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа МАН-ын тэмцлийн үзүүрт хэн гарч ирэх бол?

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа МАН-ын тэмцлийн үзүүрт хэн гарч ирэх бол?

10 жил төр барьсан Ардын нам авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж чадах уу гэж асуумаар санагдана. Иргэдийн хамгийн ихээр хүсэж байгаа шударга ёс тогтоох үндсэн үүргээ үе үеийн Засгийн газар биелүүлж ирсэн үү гэвэл үгүй. Гоё сайхан үг, эшлэл, амлалтад дулдуйдсан “Амаргүй” он жилүүдийг ардаа үдсэнээс өөрөөр шальтай ахиц лав гарсангүй. Эсрэгээрээ нам, фракц, найз, нөхдийн эрх ашиг дагасан бүлэглэл төрийн толгойд сандайлах нь холгүй “даам” гарсан, дажин бүхий цаг үеийг тойрохгүй дайраад өнгөрчээ, бид. Сая төгрөгт хэмжигддэг байсан хулгай тэрбумаар арвижиж, их наядаар үржигдсэн нь гашуун бөгөөд бодит үнэн нь.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин авлигатай тэмцэх бодлогоо тайлбарласан хоёр өгүүлбэр бий. Тэр нь “Авлигатай тэмцэх нь зарим хүнийг гомдооно. Гэхдээ би цөөн хүнийг гомдоохоос айхгүй, харин ард түмнээ гомдоохоос айна” гэж. Урд хөршид түгээмэл эшлэгддэг “Авлигатай тэмцэх нь хэсэг хүнийг гомдооно, харин тэмцэхгүй бол 1.4 тэрбум ард түмнийг гомдооно” хэмээх агуулга.

Санаж байгаа бол манай Ерөнхий сайд, намын дарга асны илэрхийлж байсан байр суурьтай утга нэг буюу “Авилгатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Анд нөхдөө бодох уу. Улс орноо бодох уу гэсэн салаа зам дээр ирээд байна” гэдэг шиг. Гагцхүү 1.4 тэрбум хүнтэй их гүрний удирдагч 3.5 сая иргэнтэй жижигхэн Монголын Ерөнхий сайдын хэлсэн санааг дуурайх нь ч хаашаа юм. Манай хүн л авлигын эсрэг тэмцэлдээ хүч оруулах гэж “монгол”-чилсон байж таарна. Гэхдээ энэ асуудлын гол биш.

Албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж, ард түмэн шударга ёсоор цангахын хэрээр эрх баригчдаас, Ардын Намаас шаардахын хэрээр авлига, албан тушаалын гэмт хэргийн хатиг хагарч эхэллээ. УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй МАН-ын шинэ удирдлага орон нутагт ажиллах бүрд иргэд, олон нийт халамж, тэтгэвэр, цалингаас илүү шударга ёсыг сануулж, сахиулыг шаардаж буй нь үүний энгийн жишээ.

Өөрөөр хэлбэл, хаврын улс төрийн хамгийн том агуулга, цөм нь дарга нарын хуруу дүрсэн том хулгайд чиглэх нь тодорхой болж байх шиг. Ийн тодотгохын учир нь “Эрдэнэс Оюу Толгой” компаниас эхтэй Авлигатай тэмцэх газрын баривчилгаа, нэгжлэг Эрчим хүчний болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар үргэлжлээд зогсохгүй цаасан дээрх Хүннү хотын хөгжлийн корпораци руу хүртэл оров.

Энэ хооронд нэгэн цагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга явсан өдгөө “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын даргаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнгийн ажлын албан өрөөнд нэгжлэг хийж, саатуулав. УИХ-ын дэд дарга асан, МАН-ынхаа эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлж буй Х.Булгантуяад төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэмт хэрэгт буруутган хилийн хориг тавьж, яллагдагчаар татлаа гэсэн мэдээ бас өчигдөрхөн сонсогдлоо.

Үндсэндээ эрх барих түвшиндээ Ерөнхий сайд, УИХ-ын дарга, намын даргынхаа сэнтийд салхи оруулж шинэчилсэн МАН-ынхан одоо л авлигатай, магадгүй өөрсөдтэйгөө тэмцэх нь. УИХ-ын даргыг орон нутагт ажиллах үеэр “Авлигачид хулгайчдын асуудал шийдэгдэнэ. Хэн байхаас үл хамаарч шийтгэлээ хүлээнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана хуулийн цээрлэл, хариуцлагаас бултах санаархлаар гишүүний бүрэн эрхтэй байх арга залийг хэрэглэж байна.

“Зарим нүүрсний хулгайчид далайн эрэг дээр сүүлийн нэг сард амарлаа. Одоо Монголдоо ирэх хэрэгтэй. Хүн гүтгэлээ, худлаа ярилаа гэж намайг хэлж байсан. Тэгвэл ирээд шалгуул. УИХ-ын хаврын чуулган эхлэхээр энэ асуудлыг Хууль зүйн сайдын хувьд би хариуцлагатай ярина. Халуухан хавар болох байх” хэмээн сайд Б.Энхбаяр иргэдтэй хийсэн уулзалтын үеэр индрээс мэдэгдсэн нь тийм ч оргүй зүйл биш. Галт тэрэг нэгэт хөдөлсний дохио.

Хулгай хийсэн, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хэнбугай ч хуулийн хайчнаас холдож чадахгүй, хариуцлагаа хүлээх ёстой, тэр нь ирэх хаврын чуулган байх болно гэдгийг онцолсон Хуулийн сайдын байр суурь байсан нь мэдээж.

Нэг үгээр, хулгайтай хийх тэмцэл зөвхөн Хуулийн сайдын бус Засгийн газар, Ерөнхий сайдын түвшинд нэгдэж, нягтарч, нэг зүгт харах ёстой ажил болсныг түүний хэлсэн үгээс харж болохоор. “Авлигатай тэмцэх нь зарим хүнийг гомдооно. Гэхдээ би цөөн хүнийг гомдоохоос айхгүй, харин ард түмнээ гомдоохоос айна” хэмээх бодлого энэ удаад илүү бодитоор Монголын улс төрийн хөрсөн дээр буух нь.

Өнгөцхөн харахад АТГ-аас явуулж байгаа ээлж, дараалсан баривчилгаа, албан тасалгаанд хийж буй нэгжлэгийн цар хүрээ жижигхэн, жараахай мэт боловч олсны үзүүрийг татах тусам цаанаас нь хэн гарч ирэх вэ? гэдэг нь сонирхолтой. Б.Энхбаяр сайдын хэлсэнчлэн үнэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана хуулийн цээрлэл, хариуцлагаас бултах санаархлаар гишүүний бүрэн эрхтэй байх арга залийг хэрэглэж байна уу гэдэг нь асуултын тэмдэг. Гэхдээ л бага чулуугаар их чулуу хөдөлгөх хуулийнхны арга тактик яам, агентлаг, Төрийн өмчийн компани харгалзахгүй хийж байгаа шалгалт, баривчилгаа байж болох.

Хамгийн гол нь, шатыг доороос нь биш үргэлж дээрээс нь шүүрддэг шиг авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийх тэмцэлд МАН удирдлагын түвшиндээ санал нэгдэж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь нэг завинд суусан нь хуулийнханд дэм болж, хүч нэмнэ үү гэхээс хэзээ ч хаалт болохгүй нь ойлгомжтой. Хуулийнхаа ажлаа хуулийнхаа дагуу л хийнэ. Харин түүнд хэн нэгэн албан тушаалтан хөндлөнгөөс оролцохгүй байна гэдэг нь хамгийн том шударга ёсны хэмжүүр. Үндсэндээ авлигатай тэмцэхийн тулд цөөн хүнийг гомдоохоос айх биш ард түмнээсээ айх хандлага төр, засгийн түвшинд бий болсон нь бидний хувьд зол юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.