🔴П.Сайнзориг: Эрчим хүчний компаниудыг олон нийтийн болгох хэрэгтэй
Төрийн өмчийн компаниудыг хувьчлах асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Төрийн өмчийн компаниудыг хувьчлахаасаа өмнө бэлэн байдлын үнэлгээ хийх ёстой. Шилжүүлэх цаг хугацаа, орон зайг бодох хэрэгтэй. Ерөнхийдөө хувьчлах ёстой ч ашиг алдагдал, засаглалын хувьд сайжруулахгүй бол компанийг үнэгүйдүүлж, тодорхой этгээдэд өгөх эрсдэл бий. Мөн зах зээлийн багтаамжийг бодох ёстой. 30-40 компанийг нэг дор хувьчлах боломжгүй. Үүнээс яг зах зээл сонирхох, жишиг болох компаниудыг сонгох хэрэгтэй. Шинжлэх ухааны үндэстэйгээр засаглал, эдийн засаг, санхүүгийн байдлыг үнэлж, аудит хийн, эд хөрөнгийн үнийг тогтоох ёстой.
Хувьчлах амархан зүйл биш. Хувьчлалын дараагийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Хүний эрх ашиг, үйлчилгээг хангах, асуудал үүсвэл хувьчлалыг буцаах, үйл ажиллагааг зохицуулах, өрсөлдөөний хууль тогтоомжийг сайжруулах ёстой. 90-ээд оноос хойш суурь хуулиуд өөрчлөгдөөгүй, өмч хувьчлалын УИХ-ын тогтоолууд амжилтгүй байсан.
Түүнчлэн хувьчлахаас илүү олон нийтийн болгох асуудал байна. Холимог хэлбэр, иргэд хувьцаа авч, ноогдол ашиг хүртэх боломж бүрдүүлэх ёстой. Зөв хууль эрх зүйн орчин бүрдвэл олон нийтийн болгох концепц явна. Олон нийтийн болгохыг би зарчмын хувьд дэмждэг. Гэхдээ эхлээд бэлэн болгох ёстой. Үүнийг маш хурдтай хийх хэрэгтэй.
Эрчим хүчний салбарт Засгийн газар илүү давамгай, бүрэн эрх нь төвлөрч байсан тул асуудал шийдэгдээгүй байна. Орон нутаг, хувийн хэвшил оролцох боломжгүй, үнэ тариф, зөвшөөрлөөр боогдсон. Сая Бөөрөлжүүт орж, нийслэлтэй хамтарсны ачаар цахилгаан эрчим хүч амь тээж байна.
Улаанбаатарын бүсийн хөгжлийг ярьж байх үед нийслэлийн удирдлагууд бэлэн байдал, засвар, нэмэлт эх үүсвэр барих бодлогоо тодорхой болгох ёстой байсан. Засгийн газар хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээр хийх хэрэгтэй. Цаашдаа тархмал эх үүсвэр, өрх айл эрчим хүч үйлдвэрлэх техникийн шийдлийг тодорхой болгох ёстой. УИХ-ын дарга сэргээгдэх эрчим хүчний аян хэрэгжүүлж байна. Үнэ тарифын зохицуулалтыг үе шаттай шилжүүлж, инфляцтай уялдуулсан хувиар нэмэгдүүлэх нь чухал. Ингэснээр хөрөнгө оруулагчдад ойлгомжтой болно.
Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг эрчимтэй явуулмаар байна. Хувийн хэвшлийн оролцоог нээлттэй болгох хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдыг ХК байх шаардлага тавих нь зүйтэй. Шударга бус өрсөлдөөнөөс болж сектор муу байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.