Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү
Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.
Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.
Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан.
Гэвч өнөөдөр стратегийн ордод хамаардаггүй манай улсын ашигт малтмалын ордуудад дотоод, гадаадын иргэд эзэн сууж, улмаар гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байгаа гэхэд хилсдэхгүй нь. Өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар хэдэн жилийн өмнө Дундговь аймгийн нутаг дахь Салхитын мөнгөний ордод үйл ажиллагаа явуулж байгаа компанийн талбайд тагнуулын байгууллагын тусгай албаныхныг дагуулан сүр дуулиантай очиж төрийн хамгаалалтад авсныг уншигчид мартаагүй. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь тус ордын тусгай зөвшөөрлийг булаацалдсан хятад иргэд монголчуудаар дамжуулан шүүгч нарт хахууль өгч эзэмшилдээ авахыг санаархаж байгаад эцэстээ аль ч үгүй хоцорсон билээ. Тэгвэл манай улсын ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байж болзошгүй талаарх гомдол хууль хяналтын байгууллагад ирж, түүний дагуу шалгаж байгаа аж. Үүнийг дэлгэрүүлэн хүргэе.
Нас нөгчсөн найзынхаа хөрөнгийг “булаасан” казах эр монголд бий юү
Монгол орны баруун бүсэд буюу Увсын цэнхэр хязгаар нутаг дахь Харганатын төмрийн хүдрийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Эй Эл Жи Ти (ALGT) гэх компани эзэмшин олборлолт явуулдаг. Олборлосон хүдрээ Ховд аймгийн Булган сумын нутагт хүргэн цааш нь БНХАУ-ын Такашикен боомтоор гаргаж, борлуулдаг юм байна.
Жакиянов Галымжан Бадылжанович, Ли Жианюу нар
Улсын бүртгэл дэх нээлттэй мэдээллээс үзэхэд энэ компани нь манай улсын иргэн Д.Замбуу гэх хүний нэр дээрх “Наран тахь НТ”, “Казмет майнинг”, “Тагир минералс” болон Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд бүртгэлтэй “Quinton overseas LTD” компанийн хөрөнгө оруулалттай хэмээсэн байх юм. Тэгвэл манай цагдаагийн байгууллагад Эй Эл Жи Ти ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх Казахстаны иргэний эхнэр нь гомдол гаргажээ. Мөрдөн байцаах алба (МБА)-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Алма Тохтасыновагийн гаргасан “Казахстан улсын иргэн Жакиянов Галымжан Бадылжанович нь Монгол Улсад бүртгэлтэй Эй Эл Жи Ти ХХК дахь миний эзэмшлийн 50 хувийн хувьцааг зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурамч гэрээ хэлцэл хийх замаар бусдад маш бага, зохиомол үнээр шилжүүлэн өгч залилсан” гэх гомдол гаргасан байна. Үүний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн аж.
Өөрөөр хэлбэл, Алма Тохтасыновагийн нөхөр Толен Тохтасынов нь Виржинийн арлуудад бүртгэлтэй аж ахуйн нэгжид 50 000 ам.долларын хөрөнгө оруулж, Эй Эл Жи Ти ХХК-ийн хувьцааг эзэмших болсон гэнэ. Гэвч хүнд өвчний улмаас нөхөр нь таалал төгссөнөөр Жакиянов Галымжан Бадылжанович гэх хамтрагч нь хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах болсон талаар эхнэр нь гомдол гаргаж буй аж.
Тиймээс Алма Тохтасынова нутгийнхаа болон манай улсын хууль, шүүхийн байгууллагад хандсан юм байна. Шүүх нь ч түүний нэхэмжлэлийг хүлээн авч, Жакиянов Галымжан Бадылжановичоос тодорхой хэмжээний хөрөнгө гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Энэ талаар Алма Тохтасынова орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Казахстан улсын иргэн Жакиянов Галымжан нь Монгол Улсад өөрийгөө нэр хүндтэй хүн, Казахстаны улс төрийн зүтгэлтэн, АНУ-д боловсрол эзэмшсэн хэмээн танилцуулдаг. Гэвч тэрбээр Казахстанд эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон долоон жил хорих ял эдэлж байсан юм. Түүнийгээ нууж, гадаад, дотоодын иргэдийг залилан мэхэлж байсан. Тухайлбал, Казахстаны нэртэй сэтгүүлч, “Elmedia” хэмээх томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн Гүлжан Ергалиевагаас нэг сая ам.доллар завшсан гэдэг. Тэрбээр өөрийнхөө мөнгийг буцаан авахын тулд олон жил шүүхээр заргалдсан талаараа бичсэн нийтлэл нь ч бий. Ергалиевагийн нэхэмжлэлийн дагуу гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийхийн тулд Жакиянов Галымжан Казахстанаас Хятад руу гарсан. Ергалиевагаас гадна 30 жилийн турш найзалж нөхөрлөсөн бизнесийн түнш Толен Тохтасыновыг хуурсан. Толен Тохтасынов бол Жакиянов, түүний гэр бүлийг хүнд хэцүү үед нь дэмжиж ирсэн юм. Тохтасынов 2008 онд Монгол Улсад очиж Эй Эл Жи Ти компанийг байгуулсан бөгөөд хожим нь найзыгаа дэмжих зорилгоор Жакияновыг бизнестээ оруулсан. Учир нь Жакиянов шоронд орсны дараа олон хүн түүнээс нүүр буруулсан байв. Тохтасынов өвчний улмаас өөрийн хувийг зарахыг хүсэхэд Жакиянов түүнийг худалдан авна гэж амласан ч өнөөдрийг хүртэл мөнгийг нь төлөөгүй. Үүний зэрэгцээ Тохтасыновын ар хударгаар түүний бизнесийг илүү өндөр үнээр бусдад зарсан.
Бид шүүхэд хандаж нөхрийнхөө мөнгийг Жакияновоос авах шийдвэр гаргуулсан. Гэсэн ч Жакиянов шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйн тулд Казахстанаас дахин зугтан Монголд очсон” гэсэн байна. Казахстаны Алматы хотын Бостандык дүүргийн шүүх Жакиянов Галымжан Бадылжановичоос 44.3 сая тенге гаргуулж, нас нөгчсөн найз Толен Тохтасыновын эхнэр Алма Капановна Тохтасыновад олгохоор шийдвэрлэжээ. Бидэнд олдсон мэдээллээр Жакиянов Галымжан Бадылжанович гэх эр 2025 оны наймдугаар сарын 6-нд манай улсын хилээр орж ирсэн бөгөөд 20 гаруй хоногийн дараа буцаад гарч явсан аж.
Хятад иргэнийг залилсан гэх хэргийг нь хэрхэв
МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Алма Тохтасыновагийн гомдлоор Жакиянов Галымжан Бадылжановичийг өдгөө шалгаж буй ч хараахан эцэслэн шийдвэрлээгүй байгаа аж. Үүнээс өмнө ч Жакияновыг манай хууль хяналтын байгууллагад шалгаж байжээ. Тодруулбал, бусдаас их хэмжээний мөнгө залилж авсан хэрэгт холбогдуулан 2022 онд дээрх хэлтэст яллагдагчаар татаж байсан аж. Жакиянов Галымжан Бадылжанович нь Увс аймгийн Наранбулаг сум дахь Харганатын төмрийн хүдрийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Эй Эл Жи Ти ХХК-ийг 100 хувь эзэмшдэг хэмээн БНХАУ-ын иргэдэд итгүүлсэн гэнэ. Улмаар тэдний нэг болох Ли Жианюу гэх иргэнээс 745.9 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний буюу 1.9 сая юань авчээ.
Ингэхдээ “Уурхайн үйл ажиллагаанд ашиглана, төмрийн хүдрээ гаргаад мөнгийг чинь эргүүлэн төлнө” хэмээсэн аж. Түүнээс хойш удалгүй мөнөөх хятад иргэнээс “Үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоод байна. Хятадаас экскаватор, уул уурхайн тоног төхөөрөмж авч өгөөч” хэмээн 423.9 сая төгрөг буюу 1.3 сая орчим юанийн үнэ бүхий тоног төхөөрөмж авхуулж залилсан хэрэгт буруутгагджээ.
Мөн Ли Жианюуд 1500 тн төмрийн хүдэр нийлүүлнэ хэмээн төлбөрийг нь шилжүүлэн аваад 2019 оны аравдугаар сард бүтээгдэхүүнээ өгөхөөр болсон ч мэхэлсэн хэмээн уг хятад иргэн гомдол гаргасан юм байна. Түүгээр ч зогсохгүй Толен Тохтасыновынхоо хувьцааг зарна хэмээн уг хятад иргэнээс 2.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний 870 000 ам.доллар гэх зэргээр нийт 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгө авч залилсан хэрэгт холбогдуулан шалгасан юм байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд байгуулсан “Quinton overseas LTD” компанийн ерөнхий захирал Сергей Денисов нь Жакиянов Галымжан Бадылжановичид хөрөнгө худалдах, худалдан авах эрх олгосон, хохирогчоор тогтоогдсон БНХАУ-ын иргэн Ли Жианюутай эвлэрлийн гэрээ байгуулж, төмрийн хүдрээр түүнээс авсан төлбөрөө барагдуулахаар болсон зэрэгт үндэслэн хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, хохирогчоор тогтоогдсон Ли Жианюу цагдаагийн мөрдөгчид “Энэ хүнээс нийт төлбөртөө төмрийн хүдэр авахаар тохиролцож, шинээр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. Тухайн үед хоёр талд үл ойлголцол гарсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хэргийг шалгаж байх хугацаанд хувьцаа эзэмшигчдийн түвшинд уулзалт хийж ойлголцолд хүрсэн учраас хэрэгсэхгүй болгож, хурдан шийдвэрлэж өгнө үү” гэж мэдүүлсэн аж. Ингээд прокурорын зүгээс уг хэргийг иргэний эрх зүйн маргаан гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм байна.
Гэхдээ Жакиянов Галымжан Бадылжановичоос болгоомжлохыг Толен Тохтасыновын эхнэр Алма Капановна Тохтасынова анхааруулсаар байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.