Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Багануур дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар “Багануур” ХК-д ажиллаж, хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, санал хүсэлтийг нь сонсож, зарим шийдвэрийг гаргалаа.

Монгол Улсын Эрчим хүчний хэрэглээний 62 хувийг дангаараа бүрдүүлдэг “Багануур” ХК 762.8 сая тонн нүүрсний нөөцтэй. 2025 онд 4.8 сая тонн нүүрс олборлож, 268.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. 2010 оноос хойш нүүрс олборлолтын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа ч “Багануур” ХК санхүүгийн алдагдалтай ажиллаж байна.

697864a3e337fe7967a30fd8

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Багануурын уурхай нь салбарын үнийн зохицуулалтаас болж алдагдалтай ажилладаг. Цаашид салбарыг шинэчлэх, үр өгөөжтэй ажиллуулах шаардлагатай. Багануурын дулааны станц өдгөө ямар нэг гэмтэл гарахад бэлэн байдалтай бөгөөд алдагдалтай ажиллаж байна. 150 МВт-ын дулааны станцын зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна. Дулааны станц зөвхөн дулаан үйлдвэрлэдэг тул өвлийн улиралд ажилладаг. Дулааны тариф бага учир алдагдалтай ажиллаж, төрөөс татаас авдаг, хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй байдаг. Харин цахилгаан, дулаан, батарей хосолсон үйлдвэр баривал хувийн хэвшил зардлаа гаргаад хийх боломжтой. Мөн станц цаашид биеэ даагаад ажиллах боломжтойгоос гадна урсгал зардлаа нөхөөд ашигтай ажиллах, эдийн засгийн үр өгөөжтэй байдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт энэ талаар судлахыг үүрэг болголоо” гэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Энэ жил дулааны аргаар боловсруулж, жигнэсэн хөх нүүрс хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 35 хувиас дээш хувиар буурсан. Цаашид Багануурын уурхайг түшиглээд үйлдвэр барьж хэрэглээгээ дотоодоос хангана. Багануурын уурхайн нүүрсний дундаж илчлэг 3300 ккал байдаг. Угааж, баяжуулснаар энэ үзүүлэлт 30 хувиар өсөх боломжтой. Нүүрс пиролизын үйлдвэр барих ажлыг “Эрдэнэс Монгол” хариуцаад хийж байна. Улаанбаатар хот жилд 450-500 мянган тонн нүүрс хэрэглэдэг. Цаашид нүүрсний хэрэглээг багасгаж, 2030 он гэхэд 200 мянган тонн нүүрс хэрэглэхээр төлөвлөсөн” гэв.

697864ace337fe7967a30fd9

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Энэ жил хөх нүүрсийг гаднаас авч түлсний үр дүнд Улаанбаатар хотын утаа багассан. Цаашид БНХАУ-аас өндөр үнэтэй хагас коксон шахмал түлшийг худалдаж авах уу, Багануурын уурхайг түшиглэн хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулах уу гэдэг асуудалд шийдэл гаргахаар ажиллаж байна. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулснаар нүүрсний өртөг буурна. Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаж хагас коксон шахмал түлшний үйлдвэрийг яаралтай эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Мөн Багануурын уурхайг түшиглэсэн үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, үүнтэй холбоотой эрх зүйн орчныг сайжруулах талаар бид ярилцаж шийдлүүд гаргалаа. Алслагдсан дүүргийг аж үйлдвэржсэн дүүрэг болгох боломж байна” гэв.

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 600 мянган тонн хөх нүүрс, 81.8 мянган тонн нам температурын давирхай үйлдвэрлэхээс гадна 40 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм.

697864b6e337fe7967a30fda

697864bfe337fe7967a30fdb

69786522e337fe7967a30fdd

69786528e337fe7967a30fde

697864c6e337fe7967a30fdc

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.