Энэтхэгт Нипах вирусийн халдвар дэгдэж олон улсад хяналтаа чангатгаж эхэлжээ
Энэтхэг улсын Баруун Бенгал мужид Нипах (NiV) вирусийн халдварын голомт илэрч, эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Калькутта хотын ойролцоох Барасат бүсэд бүртгэгдсэн уг дэгдэлтийн улмаас одоогоор таван тохиолдол албан ёсоор батлагдаад байгаа бөгөөд нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна.
Энэ нь тус мужид сүүлийн 19 жилийн хугацаанд буюу 2007 оноос хойш бүртгэгдэж буй анхны тохиолдол болж байгаагаараа онцгой анхаарал татаж байна.
Халдвар авсан хүмүүсийн дунд өвчтөнүүдийг эмчилж байсан эмч, сувилагч нар багтсан нь вирусийн халдварлах чадвар өндөр байгааг харуулж байна. Харамсалтай нь халдварын анхны эх үүсвэр буюу "индекс" өвчтөн шинжилгээний хариу гарахаас өмнө нас барсан бол батлагдсан тохиолдлуудын нэгнийх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Нипах вирус нь халуурах, амьсгал давчдах шинж тэмдгээр эхэлж, улмаар тархины үрэвсэл үүсгэн комонд оруулах аюултай бөгөөд нас баралтын түвшин 40-75 хувьтай байдаг нь дэлхий нийтийг түгшээж байна.
Эрх баригчид халдварын тархалтыг хязгаарлахын тулд шуурхай арга хэмжээ авч, халдвар авсан байж болзошгүй 100 орчим иргэнийг гэрийн болон эмнэлгийн тусгаарлалтад оруулжээ. Ойрын хавьтлын 180 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд одоогоор сөрөг хариу гарсан хэдий ч хяналт үргэлжилж байна. Нипах вирусийн эсрэг тусгай вакцин байхгүй тул эмч нар "Remdesivir" зэрэг вирусийн эсрэг эм ашиглан шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээ хийж байгаа юм.
Дэгдэлттэй холбогдуулан олон улсын хэмжээнд хариу арга хэмжээ авч эхэллээ. Тухайлбал Тайланд, Непал, Тайвань, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсууд Энэтхэгээс ирж буй зорчигчдод тавих хяналтаа чангатгаж, нисэх буудлуудад халуун хэмжих, эрүүл мэндийн тандалт хийх ажлыг эрчимжүүлэв. Жимсний сарьсан багваахай болон бохирдсон хүнсээр дамждаг уг вирус хүнээс хүнд халдварлах боломжтой тул хөрш зэргэлдээ орнууд ийнхүү сэрэмжлүүлэг гаргаад байна.
Энэтхэгийн төв засгийн газар болон мужийн удирдлагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, иргэдийг сарьсан багваахай байж болзошгүй газраас түүсэн жимс идэхгүй байх, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахихыг хатуу анхаарууллаа. Цаашид халдварын хүрээг тэлэхгүй байх, шинэ тохиолдлуудыг эрт илрүүлэх нь бүс нутгийн эрүүл мэндийн салбарын нэн тэргүүний зорилт болоод байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.