🔴Ахмадууд: Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ
Тэтгэврийн нэмэгдэлтэй холбогдуулж Монголын ахмадын холбооноос мэдээлэл хийв.
Ахмадуудын төлөөлөл:
-Тэтгэврийн нэмэгдлийн талаар ахмадуудын төлөөлөл өнөөдөр дахин шаардлага тавьж, хатуу сануулга өгч байна. Үндэслэл нь инфляц, үнийн өсөлт. Жишээ нь, өнгөрсөн онд 150 мянгаар авдаг байсан хонины ууцыг өнөөдөр 500 мянгад авч чадахгүй байна. Яаж ийм үед Цагаан сар тэмдэглэх вэ? Ахуй амьдралаа яаж зохицуулах вэ? Бид эм, хүнсний үнийн тухай ярихаас ч татгалзаж, зүгээр л үр хүүхэдтэйгээ, боломжтой нөхцөлд Цагаан сар хийхийг хүсэж байна.
Гэтэл Засгийн газар үүнийг ойшоохгүй, анхаарахгүй байна. Эрчим хүчний удирдах бүрэлдэхүүн тогны үнийг нэмээд, 550 тэрбум олоод, 450 тэрбумыг нь өөрсдөө хармаалсан. Энэ байж болох асуудал уу? Оюу толгойд өдөрт 10 тэрбум төгрөг төлж байгаа. Энэ жил тэр нь 14 тэрбум болно гэнэ. Яагаад энэ мөнгийг бидэнд өгч болохгүй юм бэ? Австралийн хөгшчүүд Оюу толгойн мөнгөөр Монголд аялж зугаалаад явж байна.
1961 оноос тэтгэврийн сан нээгдсэн. Өнөөдөр 65 жил боллоо. Тэр мөнгө хаачив? Хулгай зэлгийг багасгаж, Оюутолгойн мөнгөөр ахмадуудыг дэмжих хэрэгтэй. Хэрэв Цагаан сарын өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол Оюутолгойг ажиллуулахгүй!
Бид 2025 оны тавдугаар сараас чимээгүй жагсаалаа эхлүүлж, өнөөдөр Засгийн газрын ордны баруун талд үргэлжлүүлж байна. Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, хороо, багийн ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардсаар байна. Ахмадын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай хамтарч, албан бичиг өгсөн.
Төр засаг биднийг хүн гэж бодохоос татгалзаж, хөсөр хаяж байна. Тэтгэврийн асуудлыг яагаад хэлэлцэхгүй байна вэ? Ахмадууд бид хүн биш болсон уу? Хариу өгөхгүй бол тэмцлийг хурц хэлбэрт шилжүүлнэ. Өөр арга үгүй. Болохгүй бол олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж, өлсгөлөн зарлана гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.