Хувьчлалын "сураг"-аар эвдэрч, дэлбэрээд эхэлсэн нь үнэгүйдэхийн шинж үү?!
Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд Төрийн өмчийн зарим компанийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөх байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд эхэлсэн.
Нийт хувьцааных нь 10-66 хувийг худалдах компанийн жагсаалтад “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Үндэсний давхар даатгал” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хөдөө аж ахуйн корпорац” ХХК, “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Дулааны III цахилгаан станц” ХК, “Дулааны IV цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК багтжээ.
Мөн, төрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь худалдах найман компаниар “Дулаан шарын гол” ТӨХК, “Цемент шохой” ТӨХК, “Монгол шуудан” ХК, "Багануур дулааны станц” ТӨХК, "Налайхын дулаан станц” ТӨХК, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК, “Ховд дулааны станц” ТӨХК, “Улаангомын дулааны II станц” ТӨХК-ийг сонгосон байна.
Түүнчлэн, “Эрдэнэс монгол” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ, “Автоимпекс” ХК, “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК, “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг долоон компанийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болоод байгаа юм.
Мэдээж, хувьчлалыг санаачлагчдын үзэж буйчлан, төрийн компаниудын төрийн эзэмшил, стратегийн хөрөнгө оруулалт, санал болгох хувьцааны хэмжээг үндсэн чиглэлээр тодорхойлж нээлттэй хувьцаат компани болгох, төрийн мэдэлд байх өмчийн хүрээг дахин тодорхойлох, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг тодорхой шалгуурын хүрээнд ангилж авч үзэж, ангилал тус бүрийн онцлогт тулгуурлан төрийн зүгээс тухайн компанид оролцох өмчлөлийн бодлогыг ялгамжтай авч хэрэгжүүлэх шаардлага бий.
Гэвч, энэ нь нийгэм, улс төр, эдийн засгийн олон талаас хардлага сэрдлэг, эргэлзээг төрүүлээд байна. УИХ-ын зарим гишүүн ч ийм байр суурь илэрхийлж байв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “…2016 оноос хойш маш их хулгайг МАН-ынхан хийсэн. ЖДҮ, цар тахал, нүүрсний хулгай гээд тэр хулгайд холбогдсон хүмүүсийн гудсан доороо хийсэн мөнгө энэ хувьчлалаар албан ёсны хөрөнгө болж орж ирэх магадлал маш их өндөр байна. Энэ асуудлыг маш ил тод хийж, хулгайн мөнгийг албан ёсны мөнгө болгохгүй байхад анхаарах хэрэгтэй”, УИХ-ын гишүүн Б.Найдалаа “…Эрчим хүчний салбар дээр эргэлзээ байна. Либералчилна гэж ярьж байгаа ч цаана нь юуг өөрчлөх тухай нэгдсэн бодлогогүй байна. Дамжуулахыг төрд аваад бусдыг нь хувьд байх юм бол үнэ тогтооно гэдэг худлаа. Одоо бол хувийн тоглогчийг урих нь зөв. Гэхдээ эрчим хүчний үнийг бага барьж байгаа нь “Дулааны IV цахилгаан станц” ХК шүү дээ. “Дулааны IV цахилгаан станц” ХК-ийн төрийн өмчит үйлдвэрлэгчийн цөөхөн хувийг хэн аваад сууж байх юм бэ. Тэрний цаана тодорхой бодлого байхгүй бол эргэлзэж байна”, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “…Тунхгийн шинжтэй биш байгаасай. Социал демократ нам төрийн оролцоог олон нийтийн болгох алхам хийж байгаа нь энэ нам хөрсөн дээрээ бууж байна. Төрийн банкийг хувьчилсан гэдэг шиг таван хувиар хүмүүсийг битгий хуураарай. Хүн сонсоход Төрийн банк хувьчлагдсан сонсогддог. Гэтэл 600 төгрөгөөр гарсан нэгж хувьцааных нь одоогоор ханш 20, 30 хувь унасан. Засаглалд нь өөрчлөлт орсон зүйл юу ч байхгүй. Эрчим хүчний компаниудыг хувьчлахаар оруулж ирсэн. Ашигтай байх, менежмент хийх, үнэ дээр бусад зохицуулалтаа яаж хийх вэ. Хувьчлал үр дүнгүй болохоос яаж сэргийлж байна вэ. Эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөхгүйгээр хувьчлал хийнэ гэвэл үлгэр шүү” гэцгээсэн. Гэсэн ч УИХ-ын чуулганаар эхний хэлэлцүүлгийг давлаа.
Үүнээс гадна, судлаачид төрийн компаниудын хувьчлалтай холбоотойгоор байр суурь, дүгнэлтийг хийцгээж байгаа юм.
Тэд “...Төрийн хамгийн сайн менежмент хийж чадах зүйл нь төрийн компаниудын зардлыг бууруулах юм. Гэтэл агуулгын хувьд зөв бодлого танилцуулаад буруу арга хэлбэрээр хэрэгжүүлэх төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Уг нь, ашигтай салбараасаа эхлээд хувьчлах ёстой. Төрийн компаниа сонгохоосоо өмнө салбараа сонгох шаардлагатай байсан. Манайд нэг дор 18 төрийн өмчийн компанийг хувьчлах хэмжээний зах зээл алга. Тэгэхээр энэ хувьчлал эхнээсээ амжилтгүй болно. Өнөөдөр Монголбанкны бодлогын хүү, арилжааны банкуудын зээлийн хүү, хадгаламжийн нөөц, хөрөнгийн зах зээлийн хэмжээг харгалзаж үзэх ёстой. Харьцаанаас нь харахад хадгаламж эзэмшигчид хөрөнгийн зах зээлд итгэл алдарсан байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлийн хөрвах чадвар буурсан. Мөн, ногдол ашгийг цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ тараах байтал “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас л гэхэд борлуулалтын орлогоос нь зардал хэлбэрээр гаргаж иргэдэд бэлэн мөнгө тараадаг. Тэгснээр инфляци өсч, мөнгөний ханш унадаг. Ер нь, сүүлийн таван жилд төрийн, хувийн компаниудын бараг бүх IPO анх зарласан үнээсээ буурсан. Түүнчлэн, хууль эрх зүйн орчныг бүрдүүлээгүй байж хувьчлал зохион байгуулбал төрийн компаниудын үнэлгээ шууд муудна. Хөрөнгө оруулагчдад төрийн компаниудын 10-20 хувь сонин биш. Одоогийн Компанийн тухай хуулиар 10-20 хувь буюу жижиг хувьцаа эзэмшлээ ч тухайн компанийнхаа менежмент, стратегийн шийдвэрт оролцож чадахгүй. Үүнээс даваад 20-30 хувийг эзэмшлээ ч захирлууд нь улс төрийн томилгоогоор ороод ирнэ. Тиймээс, Хувийн компаниудын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулт, төрийн компаниудын өмч хувьчлалын хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага бий” гэж байгаа юм.
Нөгөөтэйгүүр “…Нөгөө л хэдэн мөнгөтэй олигархи нь төрийн компаниудыг хямдаар хувьчлан авч, эрх мэдлээ дамжуулдаг түүх үргэлжилнэ” гэдгийг улстөрчид, эдийн засагчид, жирийн иргэд хэн хэн нь хэлж байна. Үнэхээр ч “…Төрийн компаниудыг хувьчлах цаг хугацаа нь мөн үү”, “…Эрчим хүч, уул уурхайн томоохон компаниудын хувьцааг жирийн иргэд авах боломжгүй. Хэнд зориулсан хувьчлал вэ” гэмээр эргэлзээ сэрдлэгийг дөгөөсөн үйл явдлууд ч өрнөлөө. Хувьчлах жагсаалтад багтсан зарим компани, ялангуяа эрчим хүчний компаниуд ээлж дараалан эвдэрч, дэлбэрлээ. “…“Дулааны IV цахилгаан станц” ХК дээр л гэхэд үйл ажиллагааны горимын алдаа гарсан” гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тус станцаас “…Бэлтгэл тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх хугацаанд зуухны халах гадаргууд гэмтэл гарсан” гэж олон нийтэд мэдээлсэн. Тус станцын захирлыг үл ялих шалтгаар сольж, өөр хүнийг томилсон. Удалгүй түүнийгээ авлигын асуудлаар бариад хорьчихсон. Тэгээд “Дулааны IV цахилгаан станц” ХК дээр хариуцсан гүйцэтгэх захиралгүй байх үед нь дээрх гэмтэл гарч хотоороо тоггүй болсон. Энэ үеэр нь нэг нутгийн хоёр, нэгэн цаг үеийн улстөрчид, нэг намын журмын нөхөд гээд олон сэжмээр холбогдсон Ерөнхий сайд асан, Эрчим хүчний сайд асан хоёр эрчим хүчний асуудлаар өнгөрсөн баларсныг яриад нийгмийн анхаарлыг татаад хэд хонолоо. Тэдний “яриа” санаатай санамсаргүй, тавилттай үгүйн алин болохыг бүү мэд дээ. Ер нь бол, “…Удахгүй “МИАТ” дээр, “Эрдэнэт үйлдвэр” дээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр ямар асуудал дэгдэх вэ” гэцгээгээд эхэлсэн байна. “МИАТ”-ийг маш сайн удирдаж байгаа гээд байсан захирлыг нь дэд сайд болгоод дэвшүүлээд гэх үү, буулгаад гэх үү, явуулчихсан. Оронд нь очсон захирал “МИАТ”-ийг хөдөлгөөд байгаа дуулдсан. “Эрдэнэт үйлдвэр” хэдэн жил ажин түжин байснаа саяхнаас удирдлага захирлуудынх нь булхай цахим сүлжээнд дэлгэгдэж, зарим иргэд, олон нийтийн төлөөллүүд АТГ-т хандаад эхэллээ. Тодруулбал, “…МАН-ынхан 10 жил тасралтгүй төрийн эрхийг барьсан. Тэгээд эцэст нь төрийн компаниуд ашиггүй зардал ихтэй гээд хувьчлах тухай яриад уналаа. Тэр хувьчлал нь тэдний бүрэн эрхийн сүүлийн хоёр жилд буюу 2026-2028 онд хэрэгжиж дуусах нь” гэлцэж байна. Нээрэн, “хувьчлах жагсаалт”-ын компаниуд эвдэрч, дэлбэрээд эхэлсэн нь хувьчлал үнэгүйдэхийн шинж биш биз?!
Б.ДАМДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 17 (7759)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.