Алтны уурхайн эзэмшигчдээс хахууль авсан хэмээн ЭХЯ-ны албан тушаалтнуудыг албадан саатуулав
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбек нарыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. АТГ-аас мэдээлж буйгаар дээрх хүмүүст 2023 оны зургаадугаар сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд холбогдогчдыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй аж.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг, өдгөө 100 хувь БНХАУ-ын иргэдийн эзэмшилд очсон “Эс Жи групп” ХХК-ийнхан Цагаан овоот уулын алтны уурхайдаа 2023 оны наймдугаар сарын 4-нд Эрчим хүчний яам (ЭХЯ)-наас цахилгааны шугам дамжуулах, дэд станц байгуулах барилга угсралтын техникийн нөхцөл гэх бичиг баримт авчээ. Гэвч барилга угсралтын ажлаа эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байх үедээ уг ажлыг дуусгаж, холбогдох зөвшөөрөл, баримт бичгийг хууль бусаар нөхөн бүрдүүлж, авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэнэ. Тиймээс “Эс Жи групп” ХХК болон “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК, ЭХЯ-ны албан тушаалтнуудыг хахууль авсан, өгсөн үндэслэлээр шалгах болсон юм байна. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Баян-Өлгийд хоёр, Улаанбаатарт гурван объектод нэгжлэг хийж, үнэт эдлэл, багагүй хэмжээний гадаад валют хураан авчээ.
Улмаар “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, ЭХЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан, өдгөө хувийнхаа аж ахуйн нэгжийг удирдаж буй Ц.Мөнхбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаанд албадан саатуулсан аж.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.