“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болж байна
Монголын уудам тал, говийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон тэмээ бол зөвхөн мал аж ахуйн нэг төрөл бус, нүүдэлчдийн соёл, тэсвэр хатуужил, байгальтай зохицон орших тод илэрхийлэл билээ. “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болж байна.
 
Энэхүү өвлийн их наадам нь монгол тэмээг сурталчлах, түүний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалыг тэмээний соёл, спорттой уялдуулан хөгжүүлэх, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.
 
Энэ удаагийн наадмаар дөрвөн насны хурдан тэмээний уралдаан, тэмээн харваа, тэмээн поло, тэмээн дээрээс шагай шүүрэх, буйл зорох, бурантаг томох, эмнэг тэмээний туйлаан зэрэг уламжлалт болон орчин үеийн тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдаж, шилмэл буур, шилмэл ингэ, сайхан тэмээтэй ганган хосыг шалгаруулж байна.
 
Мөн тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн гарч буй нь тэмээний соёлыг олон нийтэд ойртуулан таниулах чухал алхам болж байна.
 
Тэмээчдийн V зөвлөгөөнөөр тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, аялал жуулчлалыг тэмээн соёлтой уялдуулан хөгжүүлэх чухал асуудлуудыг хэлэлцэн, бодитой зөвлөмж, шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна.
 
Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд тэмээний тоо толгой тогтвортой өсөж, 2025 оны байдлаар 501 мянгад хүрсэн нь монгол малчид, тэмээчдийн уйгагүй хөдөлмөрийн бодит үр дүн юм. Энэ бол бид уламжлалаа хадгалж, ирээдүй хойч үедээ өвлүүлэх баттай үндэс билээ.
7b18e8919cb646dd8e937d981922bb54
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.