Мозамбик улсад сүүлийн 25 жилд тохиолдоогүй гамшигт үер нүүрлэлээ
Мозамбик улсын өмнөд болон төв хэсэгт өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш үргэлжлэн орсон аадар борооны улмаас сүүлийн 25 жилийн хугацаан дахь хамгийн хүнд хэмжээний үер буугаад байна. Байгалийн гамшгийн улмаас одоогийн байдлаар 600 мянга гаруй хүн шууд нөлөөлөлд өртөж, олон мянган иргэн орон гэрээ орхин дүрвэхэд хүрчээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлснээр гамшигт өртөгсдийн тал хувь нь хүүхдүүд байгаа нь нөхцөл байдлыг улам эмзэг болгож байна.
Гамшгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 52 хүн амиа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдлээ. Борооны улирал эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 100 гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд усны түвшин татрах үед хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байна. Одоогоор 95 мянга орчим иргэн орон гэрээсээ дайжиж, улсын хэмжээнд байгуулсан 70 гаруй түр хоргодох байранд толгой хоргодож байгаа аж. Үерийн усны түвшин дээд цэгтээ хүрсэн тул далангуудын илүүдэл усыг гаргах шаардлага үүссэн нь доод бүс нутгуудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Үерийн гамшигт Газа муж хамгийн ихээр өртөж, нийт хохирогчдын 75 орчим хувь нь тус бүс нутагт ногдож байна. Түүнчлэн нийслэл Мапуту хот руу орох гол замууд усанд автаж, хот бусад мужаасаа таслагдсан байдалтай байгаа юм. Дэд бүтцийн хувьд 72 мянга гаруй барилга байгууламж нурж эвдэрснээс гадна олон мянган километр зам, гүүр, эрүүл мэндийн байгууллагууд усанд автаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ. Боане дүүрэгт иргэд байшингийнхаа дээвэр дээр гацаж, аврах ажиллагааг хүлээж буй дүр зураг түгээмэл байна.
Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан олон улсын байгууллагууд тусламжийн гараа сунгаж эхэллээ. Өмнөд Африкийн агаарын цэргийн хүчин нисдэг тэргээр аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа бол Улаан загалмай нийгэмлэг болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хүнс, цэвэр ус, эмнэлгийн тусламж хүргэж байна. Гэвч цэвэр усны хомсдолоос үүдэлтэй холер зэрэг халдварт өвчин дэгдэх, хүүхдүүдийн дунд хоол тэжээлийн дутагдал нүүрлэх бодит аюул тулгараад байгааг албаныхан онцоллоо.
Цаг уурын байгууллагуудаас Мозамбик улс одоо далайн шуурганы улиралд шилжиж байгааг сануулж байна. Хэрэв хүчтэй циклон нэмж дайрвал "давхар хямрал" үүсэж, нөхцөл байдал хяналтаас гарах эрсдэлтэй юм. Хэдийгээр өмнөд хэсгээр хур тунадас бага зэрэг татрах төлөвтэй байгаа ч төв болон хойд бүс нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.