🔴LIVE: Иргэд: Алуурчдад бүх насаар нь хорих ял өг. Эх хүн болгоны сэтгэл өвдөж байна

AI хөрвүүлсэн

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины хэргийн анхан шатны шүүх хурал яг одоо хаалттай үргэлжилж байна.

Иргэн:

-Бид өнөөдөр ийм гаж донтой, алуурчин, хулгайчуудтай нэг нийгэмд амьдраад, үр хүүхдээ хичээлдээ яваад, гэртээ орж ирэх үгүйг мэдэхгүй ийм л нийгэмд амьдарч байна шүү дээ. Бид нар бүгдээрээ энэ араатнуудтай нэг нийгэмд хүүхдүүдээ амьдруулмааргүй, түгшүүртэй байгаа учраас үүнийг яаралтай шийдэж өгөхийг шаардаж байна. Яагаад хоёр жилийн хугацаанд ерөөсөө ял авахгүй байгаад байгаа юм бэ? Шүүхийг шударгаар шийдээсэй л гэж хүсэж байна.

Хавтаст хэргийн материалаас зарим зураг, мэдээлэл олон нийтэд ил болсон шүү дээ. Тэгэхээр хэрэгт холбогдогчдыг хүчинд автсан гэдэгт би итгэхгүй байна. Үнэхээр шахалтад орсон бол хүн алж байхад нь цуг инээгээд байж байх уу? Э.Номин-Эрдэнэ гээд эмэгтэйн өөрийнх нь ярьсан яриа хүртэл бичлэгээр байна лээ шүү дээ. "Би хүн алж үзэхийг хүсдэг байсан" гэж хэлж байгаа хүн яаж, ямар дарамтад ороод, тэр аллагад цуг оролцсон бэ? Би бол энэ хүмүүсийг бүгдээрээ алуурчин гэж үзэж байгаа.

Мэдээж шүүхийн шийдвэр гараагүй байна. Гэхдээ энэ чинь нийтэд ил болчхоод байгаа шүү дээ. Одоо Монголд ерөөсөө танил талтай, ар талтай, мөнгө төгрөгтэй л бол хүн алчхаад зүгээр дураараа бүхэл бүтэн хоёр жилийн хугацаанд бид нарын дунд юу ч болоогүй юм шиг явсан байна. Тэр алуурчин 32 настай эмэгтэйг алсны дараа цагдаа нар бариад хорьчихсон байсан бол дахиад Ч.Шинэсаран охин хохирохгүй байсан шүү дээ. Манай Монголын цагдаа, шүүх яаж ажилладаг гэдэг нь эндээс харагдаж байгаа. Өнөөдрийг хүртэл энэ хүмүүсийг хорихгүй байгаа нь прокурорууд бас хэрэгт яаж нөлөөлж, яаж мөнгөөр худалдагддаг гэдгийг харж болно гэв.

Иргэн:

-Миний сэтгэл маш их өвдөж байна. Би дөрвөн хүүхэдтэй, гурван охинтой хүн. Өнөөдөр ганцхан би биш, Монголын бүх ээж энэ хэрэгт санаа зовж байгаа байх. Тэр тусмаа охин хүүхэдтэй ээжүүд бүр илүү их санаа зовж байх гэж бодож байна. Үнэхээр хэлэх муу үг олдохгүй байна. Өнөөдөр би энэ шүүх хуралд иргэнийхээ үүргийг гүйцэтгээд, эх хүний хувьд ажиглалтын байр суурьтай ирчихсэн байна. Шүүх шударга шүүгээсэй л гэж би хүсэж байна.

Дахиад ийм муухай жигшүүрт хэрэг Монголд бүү гараасай гэж хүсэж байна. Миний үр хүүхдүүд өглөө гараад, орой амьд ирэх ирэхгүй нь мэдэгдэхгүй, ийм айдастай болчихсон байна. Монголын үрс маань энэ газар нутаг, шороон дээрээ амар амгалан, айдасгүй, сайхан амьдраасай л гэж би хүсэж байна.

Энэ хэргийг хийсэн нь үнэн бол бүх насаар нь ял эдлүүлээсэй. Монголын нийгэм цэвэр байх ёстой гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.