🔴А.Амартүвшин: Иргэд дугуй унаж, алхаж, ногоон оноо цуглуулаад СӨХ болон хогны мөнгөө төлөх боломжтой
Нийслэлийн иргэд автобусаар зорчиж, алхаж, скүүтер дугуй унахдаа ногоон оноо цуглуулж, түүгээрээ тогны мөнгө, түлшний хөнгөлөлт эдэлдэг болох, мөн үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх ажлуудын талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өгөв.
НЗД-ын орлогч А.Амартүвшин:
-Ногоон оноо бол нийслэлээс хэрэгжүүлж буй том төслийн зөвхөн нэг хэсэг. 99 хувь нь иргэн, төр хоёрын уялдааг хангахад чиглэсэн. Хотын платформоор дамжуулан төрийн үйлчилгээ, санхүү, худалдааг холбож, Улаанбаатарын иргэдийн ашиглах нэгдсэн систем болгох зорилготой. Үүний нэг нь төрийн үйлчилгээнд иргэдийн идэвх оролцоог үнэлэх онооны систем юм. Иргэд өөрсдийн сонголтоор оролцож, эсвэл оролцохгүй байж болно.
Жишээ нь, намайг Хан-Уул дүүргийн орлогч байхад Хүннү-22 хотхон дахь траншейны таглаа алга болсон. Иргэн СӨХ-доо гомдол гаргаснаас хойш хороо, дүүрэг, нийслэл, захирагчийн ажлын алба, ТҮК гэх мэт 10 шатлалаар 14 хоног явж байсан. Одоо цахимжсан ертөнцөд иргэн зураг дараад, шууд нийслэл рүү илгээвэл нэг цагийн дотор шийдэгдэх боломжтой. Тэгээд орчны аюулгүй байдалд хувь нэмэр оруулсан тэр иргэнд ногоон оноо өгнө.
Ингээд иргэд тохижилт, замын эвдрэл, тоглоомын талбайн гэмтэл гэх мэт бүх асуудлаа Хотула аппликейшнээр илгээж, идэвхийг нь оноогоор урамшуулна. Улаанбаатар хотод идэвхтэй иргэнээс илүү шүүмжлэгч их байна. Шийдэл олохын оронд шүүмжилдэг. Энэ системээр нийслэлийн үйлчилгээг илүү ойр болгож, ажлуудыг үнэлүүлэх зорилготой. Хийгдэж буй ажил иргэдэд хүрэхгүй байгаа нь "Нийслэл ажил хийхгүй байна" гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Иргэн, хороо, дүүрэг, нийслэл хамтран ажиллаж, хотын хөгжил, аюулгүй байдлыг шийдэх ёстой.
Ногоон оноог нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнд зарцуулж болно. Автобус, скүүтерээс гадна тогны төлбөр, нүүрс, хог, СӨХ-ны төлбөрт ашиглах боломжтой.
Дээрээс нь Улаанбаатарын нягтаршил өндөр учраас биеийн тамирын идэвх бага байдаг. Нийслэлийн иргэн өдөрт дунджаар 1500-2000 алхалт хийдэг бол ДЭМБ-аас өдрийн 10 мянган алхалтыг зөвлөдөг. "Эрүүл Улаанбаатар"-ын хүрээнд алхах, гүйхэд оноо өгч, эрүүл үйлдлийг дэмжинэ. Энэ тоглоом биш, харин иргэдийн идэвх, биеийн тамирыг нэмэгдүүлэх, хотын хөгжилд хувь нэмэр оруулах, санал хүлээж авах том интеграцийн ажил.
Ногоон онооны журам батлагдаагүй, боловсруулалтын шатанд явж байна. НИТХ-д танилцуулаад батлуулна. Өмнө нь дутуу мэдээлэл өгсөн нь иргэдийн дургүйцлийг төрүүлсэн. Үүнд хүлцэл өчье.
Дараагийн асуудал бол үе тэнгийн дээрэлхэлт. Бид олон улсын байгууллагуудтай хамтарч, сүүлийн хоёр жил судалгаа хийлээ. Энэ оноос үе тэнгийн дээрэлхэлттэй тэмцэх ажлыг гурван чиглэлээр эхлүүлнэ. Аман доромжлол, бие махбодын хүчирхийлэл болон цахим дээрэлхэлтэд тус тусад нь арга хэмжээ авна.
Аман дээрэлхэлтийн хувьд сургуулийн хувийн хэрэгт бүртгэх систем нэвтрүүлнэ. Хүүхдээс илүү эцэг эхийг хариуцлагажуулах ёстой. Хувийн хэрэгт бичигдвэл их сургууль, гадаадад суралцахад нөлөөлнө. Эхлээд сануулга өгч, сэтгэл зүйчтэй уулзуулж, нөхцөл байдлын шинжилгээ дүгнэлтийг гаргана. Хувийн хэрэгт бичих нь эцсийн арга.
Бие махбодын дээрэлхэлттэй тэмцэхийн тулд бүх сургууль, цэцэрлэгийн дотоод, гаднах камерыг нэгдсэн сүлжээнд холбосон. AI-аар хянаж, боловсролын газар, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллана.
Цахим дээрэлхэлтийн хувьд томчууд өөрсдөө үлгэр дуурайлал байх ёстой. Эцэг эх, насанд хүрэгчид зөв, ёс зүйтэй байх ёстой. Хүүхдүүд филтергүй мэдээлэл авдаг. Нийслэлийн зүгээс 18 хүртэлх насны хүүхдүүдийн үздэг сошиал контентыг хязгаарлах санал тавьж байгаа. Харилцаа холбооны сайдад албан ёсоор санал өгч, Засгийн газар дэмжвэл хэрэгжинэ гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.