YOUTUBER Б.ТҮШИГ: Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй л гэж хүүдээ хэлнэ дээ

YOUTUBER Б.ТҮШИГ: Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй л гэж хүүдээ хэлнэ дээ

YouTuber Б.Түшиг Үндсэн хуулийн өдөр Төрийн ордны гадна машинаасаа буух нь содон. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан Үндсэн хуулийн уншлагад оролцохоор тэр ийнхүү зорьж иржээ. Үндсэн хуулийн уншлагад оролцож буй хүүхэд багачууд Б.Түшигтэй зургаа авхуулаад бөөн баяр байлаа.

 

Жил бүр уламжлал болгон зохиодог энэхүү арга хэмжээний үеэр нас насны хүмүүс, алдартнууд, иргэд, хүүхэд хөгшид, эрэгтэй, эмэгтэй хүмүүс, янз бүрийн ажил мэргэжлийнхэн Үндсэн хуулийн зүйл, заалтыг уншсан нь онцгой сэтгэгдэл төрүүлж байлаа.

 

Ёслолын дараа YouTuber Б.Түшигээс уншлагад оролцсон сэтгэгдэлийг нь сонслоо.

 

 -Үндсэн хууль батлагдсан өдөр энэхүү уншлагад оролцохоор үндэсний дээл хувцастайгаа ирсэн. Гоё байна.

 

-Танд иргэн хүний хувьд Үндсэн хуулиа унших шаардлага гарсан болов уу?

 

-Үнэнийг хэлэхэд хамгийн сүүлд хэзээ уншсанаа санахгүй байна шүү. Гэхдээ сая өөрөө уншиж, бусад хүмүүсийн уншихыг сонсож суухдаа Үндсэн хуулийн амин чухал заалтуудыг сэргээн санаж суулаа. Хааяа нэг унших зүгээр юм байна шүү гэж бодогдож байна.

 

-Та эцэг хүний хувьд хүүдээ Үндсэн хуулийн ямар нэг зүйл, заалтыг хэлэх шаардлага гарвал юуг онцлох вэ?

 

-Хүнийг эд хөрөнгө, шашин шүтлэг, угсаа гарлаар нь ялгаварлаж болохгүй шүү, миний хүү л гэж хэлнэ дээ. Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй л гэнэ гэв.

0bf4c32335ac4622ab82806dec08a1b5

 

Алдарт эх Б.Алтанзаяа, нөхөр болон хүүхдүүдийн хамт наймуулаа Үндсэн хуулийн уншлагад оролцсон юм.

 

Тэднийх гурван хүү, гурван охинтой. “Ээж гэдгээсээ гадна би багш болохоороо хүүхдүүд хуулийн мэдлэгтэй байх нь чухал гэж хэлж захидаг” гэж хэллээ. 

 

5f7bd21213e24aa8984e40380ba111d5

Дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, Ардын эмч О.Сэргэлэн Үндсэн хуулийн уншлагад оролцогчдын нэг байлаа.

 

-Та сая эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж уншлаа. Эмч хүний хувьд эрхээс гадна эрүүл мэндээ хамгаалах иргэний үүргийг сануулах болов уу?

 

-Манай Монгол Улсын Үндсэн хууль үнэхээр энэрэнгүй, ард иргэдээ дээдэлсэн байдаг. Гол заалтын нэг нь Монгол хүн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Бид Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхээ эдлэхээс гадна үүргээ биелүүлэх учиртай. Хүн бүр өөрийгөө хайрладаг, эрүүл мэндээ хамгаалдаг. Эрт илрүүлгийн шинжилгээ болоод эрүүл мэндээ хамгаалах аливаа ажилд идэвхтэй оролцдог байгаарай гэж хүсье. Хэт оройтож эмнэлэгт хандаж, төрдөө, эмчид, эмнэлэгт эрүүл мэндээ даатгах бус өөрөө өөрийгөө хариуцаж эрүүл амьдрах чухал.

 

-Эрхтэн шилжүүлэх олон хагалгаанд орсон байх. Одоо хэд орчимд хүрээд байгаа вэ?

 

-Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн  эрхтэн шилжүүлэн суулгах баг 350 дахь хагалгаагаа маргааш хийх юм. Эрхтэн шилжүүлэн суулгуулах хэмжээнд хүртэл өөрийгөө хайхрахгүй явна гэдэг харамсалтай. Бүх монголчууддаа Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн зэрэгцээ, үүргээ биелүүлээрэй гэж хүсье гэв.

 

Уншлагад харааны бэрхшээлтэй хүү оролцсон юм. Тэр НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол брайль үсгээр хэвлүүлсэн Үндсэн хуулиас уншлаа. Хүртээмжтэй, хүний эрхэд суурилсан шинэчлэл хэрэгжүүлэх парламентын хүчин чармайлт юм.

910665fff8c54690a064ebc9b0242e44

 

Үндсэн хуулийн уншлагыг нээж үг хэлэхдээ УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой энэ өдөр тохиож буйг онцлов. Тэрбээр “Үндсэн хууль зөвхөн хуульч, судлаачдад хамаатай биш Монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө, үнэт  зүйл” хэмээн тэмдэглэлээ.

 

Мөн “Орчин цагт парламент хууль тогтоох, хянан шалгах, төлөөлөх уламжлалт чиг үүргээс гадна Үндсэн хуульт ёс, ардчиллын үнэт зүйлсийг иргэдэд тайлбарлан таниулах чухал үүрэг хүлээж байна” гэлээ. Энэ хүрээнд Улсын Их Хурал 2021 оноос “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, мэдээлэлтэй, оролцоотой, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд анхааран ажиллаж иржээ. Үндсэн хуулийн уншлагыг Үндсэн хуулийн зүйл, заалтыг нэг удаа уншаад өнгөрөх арга хэмжээ бус, ардчиллын утга учир, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэн, парламентат ёсны мөн чанарыг хамтдаа ойлгож, эргэцүүлэх соён гэгээрлийн үйл ажиллагаа хэмээн тодорхойлов.

 

Төгсгөлд нь “Үндсэн хуулийг уншина гэдэг өнгөрснийг дурсаж, эргэцүүлэхээс гадна ирээдүйгээ хэрхэн бүтээх вэ гэдгээ хамтдаа тунгаан хэлэлцэж буй хэрэг юм” гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.