Бүлэглэн хүн зодож танхайрсан этгээдүүдийн шүүх хурал хойшилжээ

Бүлэглэн хүн зодож танхайрсан этгээдүүдийн шүүх хурал хойшилжээ

Хүний биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийн шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хүртэл хойшилжээ.

Хэргийг эргэн сануулбал, 2025 оны долоодугаар сарын 18–19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Cante” шөнийн цэнгээний газрын гадна бүлэг зодооны болсон. Тус зодооны хэрэгт “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, “GEM групп”-ийн эзэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, болон Л.Алтан‑Очир нар иргэн С-ийг зодсон гэх хэрэгт холбогдсон юм.

Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлснийг прокурор үндэслэлтэй гэж үзэн  яллагдагчаар татсан юм.

Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүгдэгч Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэн ээлжийн амралттай, гадаадад яваа аж. Тиймээс шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсэлт хүргүүлжээ. Улмаар шүүгч шүүх хуралдааныг нэгдүгээр сарын 29-ний 13:30 цаг хүртэл хойшлуулав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.