“Авто-агро” ХХК-ийнхан хүүхэд ажиллуулснаас амиа алдсан хэргийг шүүхэд шилжүүллээ

“Авто-агро” ХХК-ийнхан хүүхэд ажиллуулснаас амиа алдсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Дорнод аймагт насанд хүрээгүй хүний амь хохирсон, эрүүл мэндэд нь халдсан зэрэг хэрэг удаа дараа гараад буй. Тэдний заримыг мөрдөх байгууллага шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, 2024 оны зургаадугаар сард тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Авто-агро” ХХК-ийнхан бетон, тоосгоны үйлдвэртээ 15 настай хүүхэд ажиллуулсан юм байна. Гэвч ийм ажлын туршлагагүй тэрбээр үйлдвэрлэлийн осолд өртөн хүнд гэмтээд, удалгүй нас баржээ.

Уг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны зургаадугаар сарын 10-ны А/122 дугаар тушаалаар баталсан насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад бетон, тоосго цохих ажил багтсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай гэж үзээд хориглодог аж. Гэтэл “Авто-агро” ХХК-ийнхан хуулийг үл ойшоон ажил зориуд эрхлүүлсний улмаас хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, улмаар амиа алджээ.

Тиймээс прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 10.6-1-ийн хүний амийг болгоомжгүйгээр хохироосон, 16.10-1-д заасан хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлсэн гэх заалтыг үндэслэн тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг яллагдагчаар татаж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хэргийг нь шилжүүлсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.