🔴Монгол Улсын Үндсэн хуулийн брайл үсгээр хэвлэсэн хувилбар номын нээлт болов

AI хөрвүүлсэн

Монгол Улсын Үндсэн хуулийн брайл үсгээр хэвлэсэн хувилбар номын нээлт болов. УИХ-ын дарга Н.Учралын санаачилгаар харааны бэрхшээлтэй иргэд Монгол Улсын Үндсэн хуулийг брайл бичгээр унших боломжтой боллоо.

УИХ-ын дарга Н.Учрал:

-Үндсэн хууль бол төр, иргэн хоорондын гэрээ юм. Үндсэн хууль төрд эрх мэдлийг төвлөрүүлэх бус, иргэнд эрх чөлөө эдлүүлэх гол зорилготой. Үүнийг дээдлэх, сахин биелүүлэх нь хүн бүрийн үүрэг. 

Тиймээс Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийг хэвлэн түгээж, нийгмийн бүлгүүдийн хэрэгцээнд нийцүүлэн ном, контент бэлтгэж, иргэдийн боловсролыг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлсээр ирсэн. Жил бүрийн Үндсэн хуулийн түүхэн өдрөөр шинэ санал санаачилгыг дэвшүүлдэг. Ялангуяа энэ жил Монгол Улсын Үндсэн хуулийг брайль үсгээр хэвлэж, нийтийн хэрэгцээнд хүргэж байгаа нь онцлогтой.

Харааны бэрхшээлтэй иргэддээ зориулан Үндсэн хуулийг хурууны өндгөөр унших боломж олгож байгаа нь тэгш боломжийг хангах зорилготой. Парламентын засаглалтай орны хувьд ардчиллыг төгөлдөржүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангуулах бодлогыг үйл ажиллагаандаа гол зарчим болгож байгаагийн хувьд өнөөдөр харааны бэрхшээлтэй иргэддээ зориулсан энэ хэвлэлийг олны хүртээл болгож байгаадаа баяртай байна.

2024 оны байдлаар манай улсад 11,500 орчим харааны бэрхшээлтэй иргэн бий гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр энэхүү номоос эрх зүйн мэдлэгийг эх сууриас нь олж авах, өөрийн төдийгүй бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах, засаглалын тогтолцоо, эрх үүргийн хуваарилалтын талаар мэдээлэл авах, хууль дээдлэх, сахин биелүүлэх чадварыг эзэмшихэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. 

Мөн номын хавсралтад Үндсэн хуулийн дуун хөрвүүлэг буюу сонсдог хэлбэрээр QR код байршуулсан. Үүнийг сканнердахад та бүхэн Үндсэн хуулиа сонсох боломжтой.

Өнгөрсөн 2025 онд парламентын албан ёсны вэбсайт дээр Үндсэн хуулийг монгол дохионы хэлэнд хөрвүүлсэн аудио хувилбарыг тавьсан бөгөөд хандалт нь 600 мянгад хүрч, эрэлтийг харуулсан. Харин энэ удаа брайл хувилбарыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Брайл хэвлэлийн төвд хэвлэсэн. Монгол Улсын Үндэсний номын сан, 21 аймаг, есөн дүүргийн болон бусад номын сан, хууль тогтоомж сурталчлах төвүүдээр дамжуулан түгээхээр бэлтгэж байна. 

УИХ-ын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, тусгай хэрэгцээт иргэдэд ээлтэй болгох зарчмыг баримталж, тууштай хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлье. Энэхүү номыг хэвлэхэд гүн туслалцаа үзүүлж, хамтран ажилласан НҮБ-ын Хүн амын сан, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны хамт олонд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал дэвшүүлье гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.