Азийн хөгжлийн банкны ASDIP төслийг эрчимжүүлэхээр тохиролцжээ

Азийн хөгжлийн банкны ASDIP төслийг эрчимжүүлэхээр тохиролцжээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Азийн хөгжлийн банкны (АХБ) Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулиныг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд сайд Ж.Энхбаяр Монгол Улс 1991 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, Азийн хөгжлийн банкны гишүүн болсноор олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах өргөн боломж нээгдсэн талаар онцлов. Тэрбээр Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, эрүүл мэнд  зэрэг нийгэм, эдийн засгийн голлох салбаруудад төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Түүнчлэн Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжсэн төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, институцийн чадавх бэхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.

Өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг төрөлжүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зорилтуудыг дэмжин ажиллаж байгаа юм.

0O7A2004

Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шэннон Коулин Монгол Улсын Засгийн газартай үр дүнтэй хамтран ажиллаж ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ASDIP буюу Аймаг, сумын бүсчилсэн, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явц удааширч байгааг дурдлаа. Иймд уг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүслээ. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Европын холбоо, Ногоон уур амьсгалын сан хамтран хэрэгжүүлж буй уг төслийн явц удааширсанд анхаарч, яаралтай арга хэмжээ авч, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улсын хөгжлийн бодлого, дунд болон урт хугацааны зорилтуудтай уялдуулан Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал нэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.