Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй байна гэсэн шалтгаанаар олон улсын болон НҮБ-ын харьяа олон арван байгууллага болон гэрээнээс гарна гэдгийг мэдэгдлээ.
Түүний хэлсэн олон улсын байгууллагууд дотор уур амьсгалын голлох гэрээ болон жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмждэг НҮБ-ын 31 байгууллага, НҮБ-ын бус 35 байгууллага багтаж байна. Мөн 2015 оны Парисын хэлэлцээрийн суурь болсон уур амьсгалын “Үндсэн гэрээ” хэмээн тодорхойлогддог Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурь конвенц (UNFCCC) багтжээ. АНУ өнгөрсөн жил гэхэд НҮБ-ын уур амьсгалын олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцоогүй.
Мөн АНУ жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих чиглэлээр ажилладаг НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагаас, түүнчлэн 150 гаруй улсад гэр бүл төлөвлөлт, эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг НҮБ-ын Хүн амын сан (UNFPA)-аас гарна гэж мэдэгдэв. АНУ Хүн амын санд олгодог санхүүжилтээ өнгөрсөн жил зогсоосон билээ.
Байгаль орчны чиглэлээр ажилладаг байгууллагын удирдлага Маниш Бапна “АНУ UNFCCC-ээс гарсан анхны улс болно” хэмээн мэдэгдэж, бусад бүх улс энэхүү гэрээний гишүүн байдгийн учир нь зөвхөн ёс зүйн үүрэг бус, харин эдийн засгийн бодлого, боломжийг тодорхойлох хэлэлцээнд оролцох чухал ач холбогдолтой гэж онцолжээ.
Трампын засаг захиргааны мэдээлснээр “НҮБ-ын байгууллагуудаас гарна гэдэг нь хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд оролцоо болон санхүүжилтийг бүрэн зогсоохыг хэлнэ” гэсэн байна. Трампын засаг захиргаа өмнө нь ч НҮБ-ын ихэнх байгууллагад олгодог сайн дурын санхүүжилтийг эрс бууруулаад байсан. Одоогоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн ажлын албанаас уг мэдэгдэлтэй холбоотой асуултад шууд хариу өгөөгүй байна.
ОЛОН ТАЛТ БАЙГУУЛЛАГУУДАД ҮЛ ИТГЭХ ХАНДЛАГА
Энэхүү шийдвэр нь Трампын олон талт байгууллагууд, ялангуяа НҮБ-д болгоомжтой ханддаг байр суурийг дахин харуулж байна. Тэрбээр олон улсын байгууллагууд үр ашиг муутай, зардал ихтэй бөгөөд АНУ-ын ашиг сонирхолд төдийлөн үйлчилдэггүй гэж удаа дараа шүүмжилж ирсэн.
Хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш Трамп АНУ-ын НҮБ-д олгодог санхүүжилтийг танах, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлтэй хамтын ажиллагааг зогсоох, Палестины дүрвэгсдэд туслах НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн санхүүжилтийг царцаах, НҮБ-ын соёлын байгууллага ЮНЕСКО-гоос гарах зэрэг алхмуудыг хийсэн. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гарах төлөвлөгөөг зарласан байна.
АНУ-ын гарахаар төлөвлөж буй бусад байгууллагад НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Олон улсын эрчим хүчний форум, НҮБ-ын Зэвсгийн бүртгэл, НҮБ-ын Энхийг байгуулах комисс зэрэг багтаж байна.
Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, эдгээр байгууллагууд “АНУ-ын тусгаар тогтнол, эдийн засгийн хүч чадалтай зөрчилдөх радикал уур амьсгалын бодлого, дэлхийн засаглал, үзэл суртлын хөтөлбөрүүдийг дэмжиж байна” гэжээ. Мөн “Эдгээр шийдвэр нь АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг үндэсний тэргүүлэх зорилтуудад илүү оновчтой зарцуулах, үр ашиггүй эсвэл зорилгодоо нийцэхгүй байгууллагуудад оролцох, санхүүжүүлэх явдлыг зогсооход чиглэж байна” хэмээн дурдсан байна.
Б.НАНДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 5 (7747)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.