ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

ДАВААГИЙН СҮРЭНЖАВ
(1973-2025)
Бидний эрхэм дотнын нөхөр, хамтран зүтгэгч Д.Сүрэнжав 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр зуурдаар таалал төгсөж гэр бүл, үр хүүхдүүд, ахан дүүс, анд нөхөд, ажлын хамтрагч бүгдэд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Тэрээр 1973 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан хотод айлын отгон хүү болон мэндэлсэн.

Д.Сүрэнжав нь Дархан хотын Зөвлөлтийн 20-р дунд сургуулийг 1991 онд төгсч, бүрэн дунд боловсрол эзэмшсэн бөгөөд 1996 онд Улаанбаатар хотноо Удирдлагын Хөгжлийн Институтийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөн, 1997 онд Санхүүгийн удирдлагыг дээшлүүлэх 1 жилийн сургалт дүүргэсэн. Улмаар 2004 онд Улс төрийн их сургуулийг Төрийн удирдлага мэргэжлээр, 2007 онд Аялал жуулчлалын менежментийн дээд сургуулийг Аялал жуулчлалын эдийн засгийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн бол 2017 онд Буриад Улсын Их Сургуульд Эрүүгийн эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан өндөр боловсролтой, хөдөлмөрч, ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримталдаг, бусдад үлгэрлэгч нэгэн байлаа.

Түүний ажил амьдралын замналаас дурдвал 2002-2004 онд 7 хоног тутмын “Зиндаа” сонинд Гадаад мэдээний редактор, 2005-2008 онд “Чансаа” сонины Гадаад мэдээний редактор, 2009-2011 онд Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн, 2011-2012 онд Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албаны Ахлах мэргэжилтэн, 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн яамны Ахлах мэргэжилтэн, 2014 оноос аялал жуулчлалын “Хүчит морьтон” компанийн захирлаар тус тус ажиллаж ирсэн хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын салбарт зохих ёсны байр суурийг эзэлсэн, гадаад харилцааны мэдлэг, ур чадвараараа манлайлагч эх орныхоо шилдэг хөвгүүдийн нэг байсан юм. 

Тэрээр 2007 онд Монголын сонины холбооны “Оны шилдэг бичлэгийн уралдаа”-ны I байр, 2008 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдэг, 2011 онд Монголын залуучуудын холбооны "Шилдэг залуу" алтан медалиар тус тус шагнагдаж байлаа.

Д.Сүрэнжав нь хамтран ажиллагсдадаа түшигтэй итгэлтэй, өөрийн өндөр ёс суртахуунтай үг үйлдлээр бусдад үлгэрлэгч, хүнлэг сайхан сэтгэлийн тод жишээ, хариуцлагатай хань, сайн аав, итгэлт анд нөхөр, халамжит ах, ээж аавынхаа эрхэм нандин хүү, ах эгчийнхээ түшиг тулгуур дүү нь байлаа.

Түүний эгэл даруу төрх, нөхөрсөг, шогч зан, дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

“ЧАНСАА” СОНИНЫ ХАМТ ОЛНООС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.