Монгол тамирчин уулын цанын төрлөөр анх удаагаа өвлийн олимпод оролцоно
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Италийн “Милан Кортина 2026” өвлийн олимпын XXV наадамд оролцох Монголын цанын Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нар, ЗГХА-БТСУХ, МҮОХ, Монголын цанын холбооны удирдлагыг өнөөдөр /2026.01.08/ хүлээн авч уулзжээ.
Монгол Улсыг төлөөлөн энэхүү өвлийн олимпын XXV наадамд гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах /эрэгтэй/, Э.Ариунтунгалаг /эмэгтэй/, уулын цанын төрөлд А.Ариунбат /эрэгтэй/ нар оролцох эрхээ ханган, биелүүлсэн юм.

Сайд Ч.Ундрам баг тамирчдад баяр хүргэн, монгол тамирчин уулын цанын төрлөөр анх удаагаа өвлийн олимпод оролцох болсонд талархал илэрхийлсэн юм. Тэрээр сүүлчийн таван өвлийн олимпод Монгол Улсаас зөвхөн хоёр тамирчин оролцож ирсэн бол энэ удаа гурван тамирчин илгээхээр болж, төр, төрийн бус байгууллагын хамтын ажилд ахиц, дэвшил гарч байгааг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн цанын баг тамирчдыг Үндэсний шигшээ багаас цалинжуулан, бэлтгэл сургалт, гадаадад тэмцээнд явах зардлыг нь дааж, тус олимпын наадмын зардал, баг тамирчдын наадмын ёслол болон спортын үйл ажиллагаанд өмсөх хувцсыг МҮОХ-гоор дамжуулан санхүүжүүлэн, дэмжиж байгаагаа хэлэв.
Баг тамирчид нь 2026 оны 01 дүгээр сарын 14-нөөс эхлэн Европ тивийг зорин, дэлхийн цомын тэмцээнүүдэд орж, олимпын тэмцээн болох газарт нь байрлан, бэлтгэлээ хангаж, уур амьсгал, цагийн зөрүүнд дасах бэлтгэлээ хийх юм.

Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.